iPhone удахгүй хулгайгаас хамгаалах шинэ функцтэй болно

2023-12-21 158 0

Ойрын өдрүүдэд зах зээлд нэвтрэх iOS 17.3 хувилбарт “Stolen Device Protection” (хулгайлагдсан төхөөрөмжийн хамгаалалт) нэртэй шинэ функц нэмэгдэж байгааг Apple компани мэдээлжээ.

Энэ нь алдагдсан iPhone гар утас ашиглан эзнийх нь банкны данснаас мөнгө хулгайлах боломжийг хаах зорилготой юм.

Гар утас хулгайлсан этгээд эзнийх нь царай, хурууны хээгээр нэвтрэх боломжгүй тул гараар код оруулах замаар нэвтрэх ганцхан боломжтой байдаг.

Сүүлийн үед АНУ-д гар утсыг хулгайлахаасаа өмнө эзнийх нь оруулж буй кодыг мэдэж авдаг луйврын арга дэлгэрээд байгаа.

Ийм аргаар нийтдээ $2 саяыг луйвардсан бүлэг хулгайчийг хүртэл саяхан илрүүлж байв.

Шинэ функц нь ийм төрлийн хулгайгаас хамгаалах зорилготой юм.

Хулгайч нар хамгийн түрүүнд гар утсанд кодоор нэвтэрсний дараа царай, хурууны хээ зэрэг хамгаалалтын тохиргоонуудыг өөрчилж, гартаа оруулдаг.

“Stolen Device Protection” функц ажиллахдаа тухайн гар утасны газар зүйн байрлалд үндэслэн ийм өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхээ шийдэх юм байна.

Тухайлбал хамгийн олон давтамжтай гар утсаа хэрэглэдэг газруудад, тухайлбал гэр, ажил дээрээ ийм хамгаалалтын тохиргоог өөрчлөхөд хялбар байх юм.

Харин урьд өмнө нь очиж байгаагүй, ховор очиж байсан газруудад iPhone-ий тохиргоог өөрчлөх гэж оролдвол заавал царай, хурууны хээ зэрэг биометрик нэвтрэх аргуудыг шаардах ажээ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд нэвтрэх код мэддэг байх нь хангалтгүй.

Үүнээс гадна танихгүй газарт нууцлалын тохиргоонуудыг өөрчлөх тохиолдолд эхний оролдлогоос хойш нэг цагийн дараа дахин царай, хурууны хээг шаардсаны дараа биелүүлэх юм.

Харин гэр, ажил болон бусад байнга байдаг газраасаа ийм оролдлого хийсэн тохиолдолд энэхүү нэг цагийн хүлээлттэй давхар хамгаалалт ажиллахгүй гэнэ.

“Хэрэглэгч нууц код оруулж байгааг хулгайч ажигласны дараа төхөөрөмжийг хулгайлах ховор тохиолдолд Stolen Device Protection функц хамгаалалтын нэмэлт шинэ давхаргыг бий болгох юм” гэж Apple компанийн төлөөлөгч тайлбарлажээ.

“Stolen Device Protection” функц дараах өөрчлөлтүүдийг хийх оролдлогын үед идэвхжих юм байна.

  • Apple ID нууц үг солих
  • Сэргээх товчийг (recovery key) зөвшөөрөх
  • Итгэмжлэгдсэн утасны дугаарыг (trusted phone number or contact) өөрчлөх
  • Face ID, Touch ID бүртгэлийг нэмэх болон устгах
  • Find my iPhone функцийг хориглох
  • Stolen Device Protection функцийг өөрийг нь хаах

 

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ