Өчигдөр /2023.12.19/ Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд арван давхар барилгад гал түймэр гарч долоон хүн нас барсан тухай мэдээлсэн. Эдгээрээс дөрөв нь хүүхэд байсан бол нэг нь гал сөнөөгч, аврагч байсан юм.
Тухайн асуудлаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Сүлд модны чимэглэлээс галын аюул эрсдэл үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлт гаргасан. Иргэд галын аюулгүй байдлыг хангах, гацуур модыг чимэглэх гэрлийг тодорхой цагийн хязгаарлалттай асаах, шөнө гацуур модны гэрлийг асаахгүй байх зэрэгт иргэд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Харамсалтай нь бага насны хүүхдүүдийн амь нас эрсэдлээ. Дээд давхарт байсан нэг иргэн ухаан алдсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдээд харамсалтайгаар амь насаа алдлаа” гэв.
Гацуур модны чимэглэлээс болж шатах эрсдэл үүссэн хэр тохиолдлууд бүртгэгдэж байгаа вэ?
Ер нь цахилгааны саатлаас болж гал гарсан гэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Гацуур модны гэрлэн чимэглэл гэдгээр өчигдрийн тохиолдол л манайд бүртгэгдсэн.
Аврагч нарт хамгаалалтын хувцас хэрэглэл бий юу. Аврагч амь эрсэдсэн тохиолдол гарлаа шүү дээ?
Гал маш их тархсан байсан. Өөрийн эрхгүй утаажилтын бүсээс гарч явсан гэдэг тайлбарыг өгч байгаа юм. Ер нь ийм нөхцөлд галын уулга гэж зүйл орж ирдэг аюултай. Тийм үед иргэд онгорхой хаалга үүд, цонхоор гарах үйлдэл хийдэг. Энэ нь эргээд эрсдэл дагуулдаг. Гал унтраахаар ажиллаж байгаа албан хаагчдын хувьд хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Хорт хийн утаан баг, амьсгалын төхөөрөмж, гал унтраах хэрэгслийг бүрэн ашиглаж ажиллаж байна. Манай алба хаагчид дээд давхарт байгаа иргэдийг аюулгүй газарт шилжүүлэх, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа нэг алба хаагч ухаан алдсан. Яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч эргэж ухаан ороогүй, харамсалтайгаар амиа алдлаа. 27 настай залуу алба хаагч. Энэ жил Солонгосын гал сөнөөх сургуулийг төгсөөд, томилогдоод ажиллаж байсан залуу. Холбогдох хуулийн дагуу бид мөнгөн тэтгэмж олгоно. Мөн амь насны даатгал, оршуулгын зардлыг Онцгой байдлын байгууллагаас хариуцаж гаргаж өгнө.
Мөнгөн тэтгэмжийн хувьд хэдэн төгрөг байдаг вэ?
Ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрт онцгой байдлын алба хаагчийн 10 жилийн үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олгохоор хуульчлагдсан. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад алба хаагч амь эрсэдсэн хэд дэх тохиолдол вэ?
Обьектийн буюу ахуйн түймэртэй тэмцэж яваад алба хаагч амь эрсэдсэн анхны тохиолдол. Ой хээрийн түймэрт амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгдэж байсан. Анхны тохиолдол болсонд үнэхээр харамсалтай байна.
С.ОТГОНБАЯР
0 cэтгэгдэлтэй