Б.Энхбаяр: Сүүлийн долоон жил “С” зөвшөөрөл олгосон АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон гэрчээр дуудагдаад гадаад руу зугтсан

2023-12-18 209 0

16:42 2023/12/18

“С” зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ)-ийн захирал ирээгүй талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар хийлээ.

Тэрбээр “2017 оноос хойш одоог хүртэл “С” зөвшөөрөлтэй холбоотой авлига албан тушаалын үйлдлүүд гарсан жилүүдэд АТҮТ-ийн захирлаар ажиллаж буй Б.Гүрсоронзон нь энэ сарын 11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хоёр өдрийн дараа гадаад руу явсан. Тэрбээр эмчлүүлж байгаа гэсэн шалтгаан ирүүлсэн байна.

Б.Гүрсоронзон бол Засгийн газрын харьяа байгууллагын этгээд юм. Гэтэл сүүлийн долоо жил “С” зөвшөөрлийн асуудлыг хариуцаж байсан атал зугтаж алга болсон, төрийн дээр гарсан хүн юм байна.

УИХ-аас зохион байгуулж буй нүүрсний сонсголд санаатайгаар ирээгүй үйлдэл гаргаж байна. Гол асуултад хариулах этгээд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайдад тавина гэдгээ мэдэгдье” гэв.

16:27 2023/12/18

Үргэлжлүүлэн тээврийн хэрэгслийн “С” төрлийн зөвшөөрлийн талаар мэдээллийг Шинжээч өгөв.

Тэрбээр “Хоёр улсын Зам, тээврийн яам хоорондын Протоколын дагуу Монгол Улс БНХАУ-тай долоон төрлийн зөвшөөрлийн бичиг солилцож, зорчигч болон экспорт-импортын ачаа тээвэрлэлтэд ашигладаг.

Зорчих С-зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд хэрэглэх бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа нэвтрэхэд хүчинтэй. БНХАУ-ын ӨМӨЗО-той Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Хавирга зэрэг боомтуудаар “С” зөвшөөрлийн бичиг солилцон ашигладаг. Тус зөвшөөрөл нь 90,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 2013 оноос үнэ тарифын хувьд өөрчлөлт ороогүй” хэмээн ярив.

зураг

14:19 2023/12/18

Хянан шалгах түр хорооны үдээс хойших хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорттой холбоотой нүүрс тээврийн компаниудын харилцаа хамаарал болон олон улсын тээврийн хэрэгслийн “С” төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой мэдээллийг танилцуулж байна.

Энэ үеэр Шинжээч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон А.Адьяасүрэн нарын хамаарал бүхий компанийн нүүрс тээврийн талаар танилцуулсан юм.

Холбоотой мэдээ