Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони өнгөрсөн Бямба гарагийн үдэш Ром хотноо “Atreju” нэртэй улс төрийн чуулганыг зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээний хүндэт зочин нь дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Америкийн технологийн салбарын бизнесмэн Илон Маск байжээ.
Цугларсан олны өмнө “X Æ A-12” хэмээх өвөрмөц, этгээд нэртэй бага хүүгээ тэврэн гарч ирсэн Маск олон хүүхэдтэй болохыг италичуудад уриалсан байна.
Италийн цагаачлал, хүн ам зүйн бодлоготой холбоотой асуултад хариулахдаа тэр “Италийн соёлыг аврахын тулд италичуудыг олон болгох хэрэгтэй. Шинэ үеийг бүтээх хүүхдүүд олноор төрж байгаа эсэхэд санаа тавихыг би бүх улсын эрх баригчдад зөвлөж байна. Үгүй бол Итали, Япон, Францын соёл устаж алга болно” гэж Маск ярьжээ.
Тэрбээр өмнө нь хүн амын нөхөн үржихүйн сүйрэл дэлхийн уур амьсгалын дулаарлаас илүү хүн төрөлхтөнд аюултайг анхааруулж байсан юм.
Итали улсад энэ онд шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 15 дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод хэмжээндээ хүрэх төлөвтэй байгаа.
Мелонигийн засгийн газар ойрын нэг жилийн хугацаанд хүн амын нөхөн үржихүйн асуудлыг сайжруулахад нэг тэрбум евро зарцуулахаа амласан юм.
Илон Маскийн хувьд нийт 11 хүүхдийн эцэг бөгөөд тэдгээрийн хоёрыг тээгч эхээр төрүүлж байжээ.
Арга хэмжээний үеэр Маск өөрийнх нь эзэмшлийн X сошиал платформоос компаниуд зар сурталчилгаагаа татаж буй талаар асуултад хариулсан байна.
Тэрбээр үүнийг АНУ-д тархсан “сэтгэцийн вирус”-ийн илрэл гээд удахгүй Италид ч бас халдварлаж болзошгүйг анхааруулжээ.
Ингэхдээ Маск үүнийг компанийнх нь хувьд “богино хугацааны асуудал” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Энэ нь X-д асуудал үүсгэх зүйл биш гэж би бодож байна. Компаниуд зар сурталчилгаагаа дахин өгч эхэлснийг бид харж байгаа. Брэнд сурталчлагчид үргэлж брэндийнхээ нэр хүндэд санаа тавьж байдаг шүү дээ” гэж тэр ярьжээ.
“Atreju” бол 1998 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Мелонигийн хэт барууны үзэл баримтлалтай Италийн Ахан дүүс намын арга хэмжээ юм.
Энэ жилийн хүндэт зочдын дунд Их Британийн ерөнхий сайд Риши Сунак байжээ. Өмнөх жилүүдэд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын холбоотон Стив Бэннон, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан зэрэг барууны үзэлтнүүд уригдаж байсан юм.
Эх сурвалж: Business Insider
0 cэтгэгдэлтэй