ТУРШИЛТ: Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, гэрээ дулаалснаар гал түлэхгүй тухтай боллоо

2023-12-15 230 0

Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байгаа юм.

Одоогийн байдлаар уг төсөлд таван айлыг хамруулжээ. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцолсон юм.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр нэг айл жилд ялгаруулдаг байсан хүлэмжийн хийгээ 15-20 тонноор бууруулж, нүүрс, түлшний хэрэглээгээ халжээ. Ингэснээр гал түлэхгүй учраас гэр доторх орчин цэвэр, тухтай болж, гар ажиллагаа багасаж, бага насны хүүхдэд тулгардаг эрсдэл байхгүй болсныг төсөлд хамрагдсан өрхийн зүгээс хэлж байв.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээгээ баталгаажуулснаар карбон кредит буюу оноо цуглуулж, оноо бүрээ үнэлүүлэн, олон улсад болон дотооддоо арилжаалах хуулийн төслийг боловсруулж байгаа билээ.

Хүйтний улирал эхэлсэн ч тухайн айлыг дулаалахаас эхлээд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлэхээр төлөвлөжээ.

Төсөл хэрэгжүүлэгч “URECA” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Орчлон “Тухайн айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгчүүдийг суурилуулсан бөгөөд үүний тусламжтай тухайн айл эрчим хүчээ хаанаас авч буйг, зуух хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцоолох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно.

Тухайлбал туршилтын төсөлд хамрагдсан нэг айл долоон сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор бууруулж, үүнийг бид кредит болгон платформ дээрээ борлуулсан.

Бид эрчим хүчний системээ аль болох өртөг багатай суурилуулах зорилт тавин, суурилуулсны дараа тухайн айл карбон кредитийнхээ орлогоор хоёр жилийн хугацаанд эргэн төлөх боломжтой байхаар ажиллаж байгаа.

Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч зургаан цагийн хугацаанд дулаанаа барьдаг байх технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд нэмэлт ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа юм” хэмээлээ.

зураг

зураг

зураг

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ