Хянан шалгах түр хорооны үдээс хойших сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компани тус бүрээр нь сонсож байна.
Энэ үеэр “Хишиг арвин индустриал” ХХК-ийн хөрс хуулалт, олборлолтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Шинжээч танилцуулга хийж, Хянан шалгах түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асуув.
ШИНЖЭЭЧ: “Хишиг арвин индустриал” ХХК нь 1997 онд байгуулагдсан, уул уурхайн үндсэн машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 2011-2023 оны хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын ажлын тендер шалгаруулалтад нийт найман удаа шалгарч, 1.4 их наяд төгрөгийн гэрээ байгуулсан байна. Нийт гурван удаагийн тендерт зөрчил илэрсэн.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Өндөр дүнтэй ажил гүйцэтгэсэн компани байна. Тендерийн баримт бичгийг хянахад гэрээний нэмэлт өөрчлөлт есөн удаа хийсэн. Энэ нь гэрээний хугацаа сунгасан, үнийн дүнг нэмсэн зүйл байгаа. Тэгэхээр тендер зарлахад асар том шалгуур тавьдаг. Түүнд нь гурван компани ороод доороо туслан гүйцэтгэгч авдаг. Дараа нь туслан гүйцэтгэгчийнхээ мөнгийг өгдөггүй зүйлл ажиглагдсан.
“Хишиг арвин индустриал” ХХК танайх хэдэн туслан гүйцэтгэгч компанитай вэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөрс хуулалтыг хэдэн төгрөгөөр тохирдог вэ?
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Манайх туслан гүйцэтгэгч авдаггүй. Техник тоног төхөөрөмж их учир байнгын сул зогсолттой. Гэрээнд нэмэлт өөрчлөлт орсныг би мэдэхгүй байна. Манай компанид давуу эрх олгосон гэж бодохгүй байна.
Нэг их наяд 400 сая төгрөгийн ажил хийгдээгүй. Яг үнэндээ нэг их наяд 40 сая төгрөгийн ажил хийгдсэн. Тухайн үедээ нүүрсний үнийн уналттай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ажил зогсоож байсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь байх үед буюу 2013 онд нүүрсээ яаралтай гаргамаар байна. Танайх нүүрсний агуулах, пүү, ачилтын техникүүдээ авч ирж хийж өгөөч. Үнээ тохирч болох байх гэсэн. Бид гуйж хийсэн юм биш. “Эрдэнэс Тавантолгой” ХК гарын үсэг зураагүй гээд гурван шатны шүүхээр яваад манай компани ялсан. Гэхдээ таван жил мөнгөө авч чадаагүй. Тухайн үед туслан гүйцэтгэгч орсон.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн компанитай хамтарч ажиллахад ямар хүндрэл тулгардаг вэ?
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Тендертэй холбоотойгоор зовлонтой асуудлууд их байсан нь үнэн. Тэр тусмаа сүүлийн үед, гэхдээ би хамаагүй ярьж болохгүй байх. Хамгийн том асуудал нь төлбөр.
Манай компани жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас төлбөрийн үлдэгдэлтэй гардаг байсан. 2013 онд 54 тэрбум төгрөг, 2014 онд 63 тэрбум, 2015 онд 52 тэрбум, гэх мэт жил бүр төлбөрийн үлдэгдэл авдаггүй байлаа. Гэхдээ одоо бол төлөгдсөн, нүүрсний үнэ сайн байгаатай холбоотой байх. Одоогоор баруун Цанхитай холбоотой тендер дууссан. Гэвч зүүн Цанхи дээр манай компанийн техник ажиллаж л байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай холбоотой таны нэр явж байсан.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Тийм зүйл байхгүй. Шүүхийн асуудлыг хамаагүй ярьж болохгүй байна. Манай компанийг олон жил тендер авсан гэдэг утгаараа шалгаж байгаа байх.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та түрүүхэн янз бүрийн асуудал байдаг гээд дугарчихсан шүү дээ.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Ер нь бол байдаг шүү дээ. Тэр энэ гэж хэлэх хэцүү. Ямар нэгэн хаалт шахалт байдаг. Би хуучин байсан захирлуудыг бүгдийг нь танина. Би төлбөрөө нэхэх л ажил хийдэг. Зарим нь надаас зугтдаг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та яллагдагчаар татагдсан уу. Таны хүү татагдсан уу. Ямар хэргээр яллагдагчаар татагдсан бэ.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Хүү бид хоёр татагдсан. Одоохондоо тэр энэ гэсэн хэрэг байхгүй. Надаас нэг удаа байцаалт аваад ахиж дуудаагүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэргийн доторх зүйлийг танаас асуухгүй. Бусдад хээл хахууль өгсөн асуудлаар яллагдагчаар татагдсан уу. Ямар зүйл ангиар яллагдсан нь нууц биш.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Манай хүүтэй холбоотой учраас энэ талаар нарийн зүйл яримааргүй байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад хээл хахууль өгсөн асуудал мөн үү.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж: Ингэж ойлгож болно. Гэхдээ хахууль өгөөгүй. Энэ чинь байцаалт өгч байгаа юм шиг болоод байна.
0 cэтгэгдэлтэй