Н.Өнөрцэцэгийг удаа дараа дуудахад ирээгүй тул саатуулсан

2023-12-05 797 0

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өчигдөр саатуулсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл өглөө. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдуулан,  2022.07.20, 2023 оны долоо, ес, аравдугаар саруудад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар түүнд холбогдох ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан,  бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.

Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллага өөрсдийн санаачилгаар шалгаагүй. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл гомдол гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, шалгаж байна. Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын хэргүүдэд зургадугаар сарын 8-наас хойш мэдүүлэг авах зорилгоор дуудан ирүүлэхээр өөрийн утас руу нь удаа дараа холбогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Прокурорын дуудан ирүүлэх хуудас хүргүүлсэн, мөрдөгч утастсан ч санаатайгаар зайлсхийж, саад учруулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасны дагуу буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих, таслан сэргийлэх үндэслэл болсон.

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоогүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгаагаа мэдэгдэж байна.

Сэтгүүлч нартай холбоотой гомдол, мэдээлэл ирдэг. Дуудсан цагт ирж шийдвэрлүүлээд явдаг. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой” гэлээ.

Холбоотой мэдээ