Израилийн нийгмийг аюулаас хамгаалах агентлаг Шин Бэтийн тэргүүн Ронен Бар гадаадад буй Хамасын гишүүдийг ангуучлан устгахаа амласан тухай баримтыг өчигдөр тус улсын олон нийтийн телевиз үзүүлжээ.
Уг баримтад өгүүлснээр Бар “Засгийн газар албан бус хэллэгээр илэрхийлбэл Хамасыг устгах зорилт тавьсан. Энэ бол бидний хувьд Мюнхен байх болно. Бид Газын зурвас, Баруун эрэг, Ливан, Турк, Катар гээд хаа сайгүй ангуучлах болно. Хэдэн жил шаардагдсан ч бид үүнийг хийх болно” гэж ярьсан байна.
Тэрбээр Германы Мюнхен хотын нэрийг дурдсан нь 1972 оны Мюнхений олимпын үеэр Израилийн 11 тамирчин Палестины “Хар есдүгээр сар” зэвсэгт бүлэглэлийн гишүүдэд алагдсан үйл явдлыг жишээ болгосонтой холбоотой бололтой.
Энэхүү аллагын дараа Израилийн тусгай албад “Хар есдүгээр сар” байгууллагын гишүүдийг хэд хэдэн улсын нутаг дэвсгэрт ангуучлан устгах ажиллагааг хэдэн жилийн турш явуулсан юм.
Хамас байгууллагын удирдагчид өөрийн хяналтад байдаг Газын зурвасаас гадна Ливан, Турк, Катар улсуудад зорчдог, бүр байнга оршин суудаг гэсэн мэдээлэл бий.
1997 онд Израилийн тусгай албаны агентууд тухайн үеийн Хамасын удирдагч Халед Мешаалыг Йордан улсын нутаг дэвсгэрт хордуулан алж байжээ. Одоогийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тухайн үед Израилийн ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй