Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн муза-16” олон улсын театрын наадам /2022.06.11/ амжилттай болж өндөрлөв. Наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж, “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал болон “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болсноороо онцлог болов.
Наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Ардын жүжигчин Г.Равданы хэлсэн үг олны анхаарлыг татав. Тэрбээр “Бурхад чуулсан энэ өргөөнд Засгийн газрынхаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг ярих үнэхээр боломжгүй юм. Энэ тайз албан контор биш. Энэ сайхан гэгээн үдэш Засгийн газар, яамны бодлого ярьдаг цаг биш. Дарга нар хүрд эргүүлэх боломж олдсон гэсэн шиг тайзан дээрээс албаны бодлогоо сурталчилж, таниулахаа болимоор байна. Өнөөдөр энэ тайзны гол эзэн нь уран бүтээлч байх ёстой. Тэрнээс биш сайд, дарга нар, түшмэл биш” гэсэн юм.
Энэ жилийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцжээ. Гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 14 бүтээл шалгарч, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх наадмын үндсэн таван төрөлд нэр дэвшсэн байна. Энэ жилийн “Гэгээн муза” наадмаас “Гэм зэм” жүжиг дөрвөн муза өргөж, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарав.
0 cэтгэгдэлтэй