УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэв.
Уг хуулийн төсөлд нохой, муурын асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй, асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх заалтыг тусгажээ.
Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар хийв. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг тодотгоод чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй 53 санал, найруулгын 1 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төсөлд анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг тусгасан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төслийн 4 дүгээр бүлгийн эзэнгүй амьтантай холбоотой харилцаа гэдгийг хэрхэн ойлгох талаар лавлахад Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар төслийн 3 дугаар зүйлийн хуулийн нэр томьёо гэдэгт 3.1.4-т “эзэнгүй амьтан” гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтад байхгүй гэрийн тэжээвэр амьтныг гэж тодорхойлж тусгасан гэж хариулав.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
0 cэтгэгдэлтэй