Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг шат дараатай багасгах шаардлагатай. Гэвч бодит нөхцөл байдал үүний эсрэг зүгт чиглэж байгааг тоо баримтууд харуулна. Гэр хорооллын айл өрхүүдийн тоо өсөх тусам хэрэглэж буй шахмал түлшний хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2019 онд онтой харьцуулахад шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн.
Тиймээс агаарын бохирдлын өнөөдрийн түвшнийг 2019 оны түвшинтэй харьцуулах байдлаар асуудалд хандах нь учир дутагдалтай. “Утаа багассангүй” гэх дүгнэлт үндэслэл муутай болж байна гэсэн үг. Учир нь энэ хугацаанд нийслэл хотын гэр хороололд 40 мянган айл өрх шинээр нэмэгдсэн. 2019 онд Улаанбаатар хотын гэр хороололд 159 мянган айл өрх байсан бол 2023 оны дүнгээр 200 мянгыг давжээ.
Нэг талд шахмал түлшний хэрэглээг багасгах бодлого байх ёстой ч нөгөө талд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ нь график дээр тасралтгүй дээшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгж яндангаас гарч байгаа утааны хэмжээ хэдий багассан ч нэмээд 40 мянган яндан утаа баагиулахад эцсийн дүндээ байран дээрээсээ хол хөдлөөгүй, доороо хий эргэсэн нөхцөл байдал харагдана. Товчоор хэлбэл нэг яндангаас гарах утаа багассан ч яндангийн тоо нэмэгдсэн.
Угтаа бол 2019 онд байсан гэр хорооллын 159 мянган өрхийн тоог цөөрүүлдэггүй юм гэхэд тэр хэмжээнд нь барьж чадсан бол агаарын бохирдол 50 хувь буурсан үр дүнг бодитоор мэдэрч болох байлаа.
Шахмал түлшний хэрэглээ график дээр тогтмол өсөж байгаа бол огцом доошилж байгаа нэг эерэг үзүүлэлт бий. Энэ бол угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн тоо. 2019 онд 2780 хүн угаарын хийн хордлогод өртсөн бол 2020 онд 786, 2021 онд 426, 2022 онд 256 хүн гээд энэ тоо улам цөөрсөөр. Шахмал түлшинд хүмүүс угаартаад байна гэдэг ташаа ойлголтыг энэ тоон үзүүлэлт залруулна. Энэ бол айлуудад угаар мэдрэгч хэрэглүүлж байгаагийн үр дүн. Айлуудаар орж гарч, зуух, ханан пийшинг нь шалгаж, эрсдэл байвал сэрэмжлүүлж, янданг нь хүртэл хөөлж өгч байгаагийн ач юм.
Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн энэ ажлаараа жилд хэдэн зуун хүний амь насыг аварч байгаа вэ гэдэг үзүүлэлтийг бас харах хэрэгтэй.
Эцэст нь нэг зүйлийг онцлоход агаарын бохирдлыг гэр хороололд 100 хувь нааж болохгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 хувийг гэр хорооллын яндангийн утаа эзэлж байна. Гол эх үүсвэр нь гэр хорооллын утаа хэдий ч бусад эх үүсвэр бараг тал хувийг нь буюу 44 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарал татахаар тоо юм. Тухайлбал, агаарын бохирдлын 29 хувийг нийслэлд зорчиж буй 713 мянга орчим тээврийн хэрэгслийн яндангийн утаа, 15 хувийг бусад эх үүсвэр буюу дулааны цахилгаан станц, уурын зуух, тоосжилт зэрэг эх үүсвэрүүд бүрдүүлж байна.
Эх сурвалж: “Тавантолгой түлш” ХХК
0 cэтгэгдэлтэй