Явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, танхайрсан иргэнийг 25 хоног баривчлах, цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон иргэнийг ₮250,000-аар торгох шийтгэл ногдуулжээ.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас энэ сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч этгээдэд 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Мөн Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “Н” нь энэ сарын 18-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болохыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй