Залуус болон иргэний нийгмийг дэмжсэн “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл үр дүнгээ танилцуулав

2023-11-24 172 0

Монголын залуу үе болон залууст хандсан үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зорилготой “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл өнөөдөр хаалтын ёслолоо хийлээ.

Европын Холбоо, Бүгд Найрамдах Чех Улс, Австралийн Сайн Дурынхны Хөтөлбөрийн дэмжлэгтэй тус төсөл нь 2020 оноос эхлэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Хэнтий аймгуудад дөрвөн жил үргэлжилсний эцэст бамбараа шилжүүлж байна.

зураг

Каритас Чех Репаблик, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн тус төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, залуусын оролцоог дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуусыг сайн дурын ажил хийхийг уриалах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ажилласан юм. “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төслийн ололт, амжилтуудаас дурдвал:

  • ТББ-ын стратеги, Төрийн бодлогод хяналт тавих, Ардчилал болон ИНБ-ын менежмент, Залуусын оролцоо санаачилга зэрэг сэдвээр зохион байгуулсан сургалтуудад Иргэний нийгмийн 600 орчим гишүүд хамрагдсан.
  • 2366 гишүүн бүхий залуучуудын ИНБ-ын сүлжээ үүсгэн байгуулсан.
  • Төр болон иргэний нийгмийн 18 гишүүнийг Европт туршлага судлуулах хөтөлбөрөөр илгээсэн бөгөөд хөтөлбөрийн оролцогчид орон нутагтаа өөрийн туршлага, мэдлэгийг түгээж байна.
  • Залуусын иргэний нийгмийн форумыг дөрвөн жил хамтран зохион байгуулж, залуусын дуу хоолойг эрх баригчдад хүрэхэд тусалсан.
  • Залуусыг өөрийн үзэл бодлоо төрөл бүрийн бүтээлч аргаар илэрхийлэхийг уриалсан төрөл бүрийн уралдаан, хөтөлбөр зарлаж байв.
  • Бизнес санааны уралдаан, олон нийтээс хандив босгох аян зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, энтрепренер, бизнес эрхлэгчдэд нийт 65 сая орчим сая төгрөгийн гарааны хөрөнгө босгож чадсан.
  • Жил бүр “I volunteer, Do you?” арга хэмжээг зохион байгуулж, Ivolunteer.mn вебсайтыг хөгжүүлж, байгууллага болон сайн дурын ажил хийх хүсэлтэй залуусын гүүр болов.
  • Залуусын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс сэргийлж “Сайн дурын ажилтны менежментийн хөтөлбөр” боловсруулсныг одоогийн байдлаар 30 орчим байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байна.

2023 оны 11-р сарын 24-нд төсөлд хамрагдсан, оролцсон, зохион байгуулсан бүх хүн цуглаж, өнгөрсөн жилүүдийг хамтдаа эргэн дурсаж, үр дүнгээ дүгнэлээ. Ёслолын ажиллагааны үеэр Булган аймгаас ирсэн өсвөр насны охидын “Алухай” хамтлаг уран нугаралт, хөөмийг цахилгаан зэмсэг, рок хөгжимтэй хослуулсан үзүүлбэрээрээ гадаад, дотоод зочдыг алмайруулан баясгав.

зураг

Европын Холбооноос Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, БНЧУ-ын Элчин сайд Ян Витопыл, Австрали улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичиг Дейв Престон зэрэг хүндтэй зочид төслийн баг, оролцогчдод баяр хүргэж, залуусын оролцоо хүчтэй байхын ач тусын талаар ярьж байв. Европын Холбооны Элчин сайд Аксель Никейз хэлэхдээ “Залуу үе бол ирээдүй гэж хэлэх нь олонтоо. Гэхдээ залуу үе бол бас одоо цаг юм. Монгол Улсын хүн ам маш залуу, эрч хүчтэй. Тийм ч учраас залуус дуу хоолойгоо нээлттэй илэрхийлж, өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэрийн эзэд байгаасай хэмээн хүсэх байна” гэсэн юм.

Харин БНЧУ-ын Элчин Сайд: “Чех бол Монголд хамгийн анх Элчин сайдын яамаа байгуулсан анхны улс бөгөөд цаг үргэлж Монгол оронтой нягт хамтын ажиллагаатай байсаар ирсэн” гэв. Мөн Монголын хүн амын нэг хувь нь амьдралынхаа аль нэг хугацаанд БНЧУ-д амьдардаг гэсэн судалгаа байдгийг танилцуулж, цаашдаа ч Монголын залуусыг үргэлж дэмжих болно гэдгээ мэдэгдсэн юм.

зураг

Мөн энэ үеэр төслийн багийнхан Монголын иргэний нийгэмд үзүүлсэн нөлөө, тоо баримт, цаашид төслийн хэрэгжилтийн тогтвортой байдал, хамтын ажиллагааны үр дүнг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан ба төслийн оролцогчид тус тусын туршлагыг хуваалцах хэлэлцүүлэг өрнүүлэв. Төслийн хаалтын ажиллагааны дараа “I volunteer, Do you?” эвент болж сайн дурын залуус цуглав. Энэ үеэр сайн дурын ажилтнуудтай хамтран ажилладаг байгууллагууд яармаг үзэсгэлгэн гаргаж мөн сайн дурын ажлыг цахимжуулах талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Хэдийгээр “Бүгд Залуусын Төлөө, Залуус Бүгдийн Төлөө” төсөл албан ёсоор өндөрлөсөн боловч төслийн түгээсэн мэдлэг боловсрол цааш түгж, үр дүн нь Монголын залуусын амьдралд эерэг нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй.

Төслийн талаар илүү мэдээлэл авах бол: mongolia.charita.cz

Фэйсбүүк: www.facebook.com/CaritasCzechRepublicInMongolia

Холбоотой мэдээ