Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн жуулчдаас хураамж авч, тоо хэмжээнд нь өдрийн дээд хязгаар тогтоох болсноо Италийн Венец хотын захирагч өчигдөр мэдэгджээ.
Дэлхийд анхных гэж болох энэ систем нь тус хотод учруулдаг жуулчдын хэт их дарамт ачааллаас өөрсдийгөө хамгаалах зорилготой юм.
“Дэлхийд анх удаа бид ийм системийг нэвтрүүлснээр манай хотод ирэхийн тулд урьдчилж захиалдаг болж байна” гэж Венецийн захирагч Луижи Брунарио хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Шинэ системийн дагуу аялал жуулчлалын оргил үе буюу дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд 8:30-16:00 цагийн хооронд Венецийн төвд нэвтрэх жуулчин бүр таван евро төлнө.
Мөн тав ба зургаадугаар сарын үлдсэн амралтын өдрүүд, долдугаар сарын эхний хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд ийм хураамжтай байх ажээ.
Аялагчид захиалгаа онлайнаар өгч, хотын төвд нэвтрэхдээ олгогдсон QR кодоо шалгуулах юм байна.
Усан дунд оршдог эмзэг боловч үзэсгэлэнтэй Венец хотыг хэрхэн олон сая жуулчны ачааллаас хамгаалах асуудлаар эрх баригчид олон жил маргалдсаны эцэст ийм шийдвэр гаргажээ.
Тус хотын 51,000 орчим оршин суугчтай төв дүүрэг сүүлийн жилүүдэд байнга үерт автах болсон бөгөөд жуулчдын их ачаалал нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй байгаа юм.
Жуулчдын тоог хязгаарлах асуудлыг шийдэж чадалгүй удсан нь
энэ салбараас олдог орлого буурах, хүмүүсийн чөлөөтэй зорчих эрхийг боомилох эрсдэлээс болгоомжилсон хэрэг байв.
Гэвч Юнексо тус хотыг аюул эрсдэлд орсон дэлхийн өвийн жагсаалтад оруулж болзошгүйг анхааруулсны дараа үйл явц хурдассан юм.
Хотын унаган иргэд, оюутнууд, ажилчид, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид жуулчны хураамжаас чөлөөлөгдөх гэнэ. Мөн 14 хүртэл насны хүүхдүүд урьдчилж бүртгүүлээд хураамжаас чөлөөлөгдөх ажээ.
Хураамж төлөлгүй нэвтэрсэн жуулчид 50-310 еврогоор торгуулах юм байна.
Эх сурвалж: AFP
0 cэтгэгдэлтэй