Эрэн хайж байсан нэг иргэнийг эсэн мэнд олжээ

2023-11-23 117 0

17:24 2023/11/23

Дорнод аймгийн Матад суманд сураггүй болсон нэг иргэнийг 17:03 цагт эсэн мэнд олжээ.

Ингэснээр Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хэнтий аймагт цасан шуурганы улмаас сураггүй болсон 334 иргэнийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Онцгой байдлын байгууллагад 17:00 цагийн байдлаар цасан шуургатай холбоотой дуудлага бүртгэгдээгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

16:10 2023/11/23

Цасан шуурганд төөрсөн иргэдийн талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа.

Тодруулбал EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон байна.

Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд олжээ. 

Мөн цасан шуурганы улмаас Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний (37 настай, эмэгтэй) цогцсыг олж, Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ.

  • Дорноговь аймгийн нутгаар 0.3-1 мм, салхи секундэд 10-14 метр, цасан шуурга 01:48-08:49 минут
  • Хэнтий аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.3-3. мм, салхи секундэд 10-16 метр, цасан шуурга 01:25-07:19 минут
  • Сүхбаатар аймгийн нутгаар 0.4-3 мм, салхи секундэд 10-16 метр, цасан шуурга 01:45-08:25 минут,
  • Дорнод аймгийн нутгаар 0.0-6 мм, салхи секундэд 10-16 метр, цасан шуурга 01:45-08:25 минут үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ