Удаан яригдсан АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нарын уулзалт Лхагва гарагт Сан-Франциско хотын ойролцоо түүхэн байгууламжид дөрвөн цаг орчим хугацаанд үргэлжлээд өндөрлөсөн юм.
Уулзалтын үеэр тодорхой асуудлууд дээр санал нэгдсэн ч тохиролцож чадаагүй хэд хэдэн асуудал бас үлдсэн байна.
Байден, Ши Жиньпин нар хоёр улсын цэрэг армийн харилцаа холбооны шугамыг сэргээхээр тохиролцсон нь уулзалтын хамгийн гол үр дүн болжээ. Ингэснээр талууд санамсаргүй мөргөлдөөнд хүрэхээс сэргийлэх боломжтой болж байна. Пентагоны тэргүүн Ллойд Остин энэ тохиролцооны дагуу Хятадын батлан хамгаалахын шинэ сайд томилогдмогц уулзахаар болжээ.
2022 оны наймдугаар сард АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилан зарлалгүйгээр Тайваньд айлчилсны дараа хоёр улсын зэвсэгт хүчнүүдийн хоорондын харилцах холбоо тасарсан юм.
“Бидний хоорондын шууд, нээлттэй харилцаа холбоо буцан сэргэлээ” гэж уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Байден мэдээлжээ.
Үүнээс гадна хоёр ерөнхийлөгч хоорондоо шууд холбогдож байх харилцаа холбооны шугам нээхээр тохиролцсон байна.
“Бид хоёрын хэн хэн нь шууд харилцуураа авч байх боломжтой харилцаа холбооны шугам нээхээр боллоо” гэж энэ талаар Байден тайлбарласан юм.
Талуудын тохиролцоонд хүрсэн бас нэг гол асуудал нь өвчин намдаагч опиоидын нэг төрөл болох фентанилын үйлдвэрлэлд ашиглагддаг материалын Хятадаас АНУ руу чиглэсэн экспортыг зогсоохоор болжээ. Өнөөдөр фентанилын хууль бус хэрэглээ, донтолт, тун хэтрүүлснээс үүдэлтэй үхэл эндэгдэл АНУ-д гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм.
Тохиролцооны дагуу фентанилын материал үйлдвэрлэдэг химийн компаниуддаа Хятадын засгийн газар анхаарал хандуулахаар болсон байна. “Энэ нь олон хүний амийг аврах ач холбогдолтой” гэж Байден хэлээд Ши Жиньпиний амлалтад талархаж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр ерөнхийлөгч бас хиймэл оюун ухааны технологийн эрсдэлийн талаар мэргэжилтнүүдийнхээ хооронд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахаар тохиролцсон байна.
Талуудын хооронд хамгийн их зөрчилтэй байсан сэдэв нь Тайванийн асуудал байжээ.
Байден уулзалтын үеэр Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдал чухал болохыг онцолсон байна.
Тэрбээр Тайванийн одоогийн статусыг хэвээр хадгалах байр сууриа илэрхийлж, Тайванийн сонгуулийн үйл явцад Хятад улс хүндэтгэлтэй хандахыг хүссэн тухай Вашингтоны албаны эх сурвалж мэдээлжээ.
Хариуд нь Ши Жиньпин “Мэдээж энх тайван байдал чухал. Гэхдээ хэзээ нэгэн цагт бид ерөнхий нэг шийдэлд шилжих хэрэгтэй” гэж хэлснийг дээрх эх сурвалж эш татсан байна.
Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, Тайванийг тайван замаар нэгтгэх Бээжингийн бодлогыг дэмжихийг АНУ-ын талд Ши Жиньпин уриалсан тухай Хятадын төрийн төв хэвлэл мэдээлжээ.
Талуудын санал нэгдэж чадаагүй бусад асуудлууд нь Хятадад хоригдож буй АНУ-ын иргэдийг суллах, Шинжаан, Төвөд, Хонконгийн хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгий үйл ажиллагааг зогсоох зэрэг байсан байна.
“Үл ойлголцол гаргахгүйн тулд бид илэн далангүй ярилцлаа” гэж Байден хэвлэлийн хурлын үеэр уулзалтыг дүгнэн хэлжээ.
Гэхдээ тэр энэ үеэр бас Хятадын талыг бухимдуулах үг хэлсэн нь анхаарал татаж байна.
Ши Жиньпинийг өмнө нь “дарангуйлагч” гэж нэрлэж байсан байр сууриа өөрчилсөн эсэхийг сэтгүүлчид асуухад Байден “Түүнийг хар л даа. Коммунист орныг удирдаж байгаа хүн гэдэг утгаараа тэр дарангуйлагч мөн” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй