Д.Манлайбаатар: Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн хоёр алба хаагчийг шалгаж байгаа

2023-11-16 220 0

 

Цагдаагийн алба хаагч цахим мөрийтэй тоглоомд оролцсон байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар мэдээлэл өгөв.

Тодруулбал “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч Т нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг Т гэгч алба хаагчийг мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдуулан өчигдөр зарим сайт нэр, зурагтай нь зарласан.

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад манай алба хаагчийн нэр дурдагдаж, холбогдсон. Бид нөхцөл байдлыг хуулийн хүрээнд үнэлж үзээд Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Цагдаагийн алба хаагч Т нь одоогоор албан үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг нь тухайн этгээдийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох, шалгах ажиллагаа. Иймд эцэслэн шийдвэрлэгдээгүй.

Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагч, иргэн эсвэл хэн нэгэн ээж, аавын хүүхдийн ард нийгмийн харилцаанд орох бүх эрх нь байгаа” гэлээ.

Мөн тэрбээр “Хоёр дахь асуудал нь цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан.

Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад ахмад алба хаагчийн нэр дурдагдсан. Бусдын нөлөөлөлд автаж, шан харамж авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учраас хуулийн харьяаллаар АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аравдугаар сард шилжүүлсэн.

Үндсэн хуульд зааснаар шүүхийн эцсийн тогтоолгүйгээр хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг анхаарахыг хүсэж байна.

Дотоод асуудал гэдэг утгаар нь нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Цагдаагийн байгууллага хуульд заасан гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх тусгайлсан чиг үүргийг төр, иргэнийхээ өмнө хүлээдэг.

Хэрэв цагдаагийн алба хаагчид хууль бус, ёс зүйн алдаатай үйлдвэл хийвэл бүх шатанд тэмцэнэ. Үүнийг хаацайлж, хамгаалах ямар ч боломж байхгүй” гэв.

Холбоотой мэдээ