Т.Сүхболд: Манай хууль эрхзүйн тогтолцоо, цахим гэмт хэргийн гаралтын түвшин Сингапур улстай төстэй байлаа

2023-11-13 221 0

Манай улсад сүүлийн таван жилд 14,085 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс цахим орчинд 97% нь үйлдэгджээ. Гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв” өнөөдөр нээгдлээ.

Иргэд цахим залилан болон цахим халдлагад өртсөнийг мэдсэн даруйдаа 102 дугаарт дуудлага өгөх, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв фэйсбүүк хаягаар өөрийн цахим халдлагад өртсөн, данснаасаа мөнгө алдсан талаарх мэдээллээ өгөх юм байна.

Харин уг төвийг байгуулахаар туршлага судалсан тухайгаа албаны хүн мэдээлэв.

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболд “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүтцэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээлээ. Энэ төвийг ажиллуулахаар дэлхийн бусад орон цахим гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг, хязгааргүй интернэт орчинд иргэдийн хохирлыг хэрхэн царцаах талаар туршлага судалсан.

Малайз, Сингапур, Финланд улсын туршлагыг судлахад, манай хууль эрхзүйн тогтолцоо, цахим гэмт хэргийн гаралтын түвшин Сингапур улсынхтай төстэй байлаа. Тиймээс Сингапур улсын туршлага дээр тулгуурлан цахим гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох төвийг байгууллаа.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв 24 цагаар ажиллана. Иргэд хохирогч болох эрсдэлтэй байна гэж үзсэн тохиолдолд 102 дугаарт хандана.

Цагдаагийн байгууллага 300-400 хохирогчтой болсны дараа хэргийг илрүүлдэг байсан бол уг төв байгуулагдсанаар иргэдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос өмнө, гэмт этгээдэд мөнгө, эд хөрөнгөө залилуулахаас өмнө илрүүлэх зорилготой юм.

Цахим гэмт хэргийг бууруулахын төлөө цагдаагийн байгууллага урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох ажиллагааг тасралтгүй зохион байгуулна” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ