Төлбөрийн тэнцэл 2022 эхний есөн сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Мөн төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний есөн сард 1.8 тэрбум америк долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 606.7 сая америк долларын ашигтай гарав. Ийнхүү ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 3.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлжээ.
Урсгал дансны тэнцэл 606.7 сая ам.долларын ашигтай, санхүүгийн дансны тэнцэл 460.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Түүнчлэн үйлчилгээний худалдааны тэнцэл 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.9 тэрбум америк долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 333.2 сая ам.доллароор өссөн байна.
Харин үйлчилгээний худалдааны орлого тус хугацааны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 556.6 сая ам.доллароор, зарлага 3.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс зарлага 889.9 сая ам.доллароор тус тус өссөн аж.
0 cэтгэгдэлтэй