Засгийн газар гишүүдийн тойрогт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьж, гишүүдийг хахуульдаж байна гэдэг асуудлыг УИХ-ын зарим гишүүн ярьж байгаа.
Тэгвэл УИХ-аас байгуулсан төсвийн ажлын хэсэг гишүүдээс гурван тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй хөрөнгө оруулалтын санал авчээ. Учир нь ирэх оны төсвийг боловсруулж байхад гишүүд Сангийн яаманд 200,300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сонгогдсон тойрогтоо хийлгэх саналыг хүргүүлсэн байна. Харин Сангийн яам гишүүдээс ирүүлсэн саналаас зураг төсөвтэй, аудит хийгдсэн, ТЭЗҮ-тэй объектуудад л санхүүжилт тавьжээ.
Мөн төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын байгуулсан төсвийн ажлын хэсэгт гишүүд өндөр төсөвтэй хөрөнгө оруулалтын саналыг хүргүүлсэн байна. Тиймээс гишүүдийг тойргийнхоо хөрөнгө оруулалтын зардлыг гурван тэрбумаас хэтрүүлэхгүйгээр санал өгөхийг төсвийн ажлын хэсгээс шаарджээ.
Энэ талаар Төсвийн хуулийн ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Гишүүд төсөвт санал өгөхдөө 200, 300 тэрбум төгрөгийн санал өгсөн юм билээ. Сангийн яам мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Төсөвтэй, зурагтай, ТЭЗҮ нь хийгдсэн үр ашигтай хөрөнгө оруулалт дээр л санхүүжилт тавьсан байгаа.
Үүний дараа УИХ дээр ажлын хэсэг ажиллахаар гишүүд мөн баахан санал ирүүлсэн. Тэр саналуудыг бид зурагтай юу, төсөвтэй юү, аудит хийгдсэн үү гэж хянаж үзээд санхүүжилтийг нь тавьсан. Би ажлын хэсгийн хурал дээр гурван тэрбумаас төсөвт өртгийг хэтрүүлэхгүй гэж ярьж байсан. Тэрийг гишүүд яриад байх шиг байна лээ. Түүнээс биш танай тойрогт гурван тэрбум төгрөг гэж хуваарилсан асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэлээ.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг ажлын хэсэг нэлээд их өөрчилжээ. Тухайлбал ажлын хэсэг ирэх онд 240 тэрбумаар санхүүжих дүнтэй 212 төсөл арга хэмжээ шинээр нэмжээ.
Мөн 86 төсөл арга хэмжээг зөрчилтэй гэж үзэж хассан байна. Түүнчлэн зарлагыг 395 тэрбум төгрөгөөр хасжээ. Ингэхдээ сайд нарын багцыг 1.88 хувиар бууруулж, 320 тэрбум төгрөгийг гаргажээ. Мөн зарим хөрөнгө оруулалтыг хасаж, 70 орчим тэрбум төгрөг бууруулсан гэдгийг ажлын хэсгээс хэлж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй