Ү.Оюунзул: ҮЦХ-гийн урд талбайд тохижилт хийх ёстой болохоос байшин барих ёсгүй. Хэнд ч зөвшөөрөл өгөөгүй

2023-11-20 260 0

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн(ҮЦХ)-гийн урд хэсэг буюу наран шарлагын газар болгохоор тохижилтын ажлын даалгаварт тусгасан орчмыг барилга барихаар хашаалсан гэх асуудлаар холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.

Энэ талаар ҮЦХ-гийн дарга Ү.Оюунзул “Тухайн газарт барилга барих боломжгүй.

Яагаад гэвэл

  • Энэ бол улсын тусгай хамгаалалттай газар
  • Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байдаг газар

Усны тухай хууль, Байгаль орчны тухай хууль болон бусад дагалдах хууль журамд зааснаар газар олгохыг хориглодог бүс гэсэн үг.

Анх 2014 онд ҮЦХ байгуулагдахад наран шарлагын газар болгох тохижилтын даалгавартай байсан. Өөрөөр хэлбэл тухайн талбайд тохижилт хийх ёстой болохоос байшин барих ёсгүй. Энд байшин барих ямар нэгэн зөвшөөрлийг хэнд ч өгөөгүй.

2014 онд “Ханталст” компани тохижилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд яг тэр хэвээр байгаа. Бидний зүгээс зөвшөөрөл өгөхгүй, дэмжихгүй, барилга бариулахгүй, тухайн байгууллагаар тохижилт хийлгэхгүй талаас нь ярьдаг.

Эхлээд хууль шүүх, цагдаагийн бүх ажлаа цэгцлэх шаардлагыг тавьдаг. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, нийслэлийн холбогдох газар, албад, бусад хяналт шалгалтын газрууд гэх мэтчилэн олон байгууллага зөвшөөрч байж, тэд тохижилтын ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэв.

Мөн тэрбээр “ҮЦХ-гийн зүгээс дахиад нэг ч хүүхэд эрсдэлд орохгүй байх талаас нь анхаарахыг хариуцсан байгууллагаас шаарддаг. Тодруулбал

  • Тэр хавьд 24 цагийн хяналтын камер байршуулах
  • Тогтоол ус руу орохоос сэргийлэх зорилгоор хашаа татах
  • Аюул, осолтой гэх тэмдэг тэмдэглээ хийж, 24 цагийн харуул хамгаалалттай байлгах шаардлагыг сар бүр тавьж байна.

Түүнээс биш ҮЦХ болон НЗДТГ-аас ямар ч зөвшөөрөл өгөөгүй” хэмээв.

ҮЦХ-гийн Ерөнхий архитектур н.Уянга “2020 онд дөрвөн хүүхэд тогтоол усанд амь хохирсноос хойш манайхаас албан бичиг илгээж, тухайн газрыг хашаалах зэрэг хөдөлмөр хамгааллын шаардлагыг тавьж ирсэн.

Гол, ус руу хүүхэд оруулахгүй байх үүднээс 2020 онд хашаалсан байгаа. Мөн компанийн үйл ажиллагааг нь зогсоосон. Тухайн газарт барилга байгууламжийн суурь цутгасан байсан учраас зөвшөөрөлгүй гэж үзээд ажлыг нь зогсоосон байдаг.

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Хот Байгуулалт Хөгжлийн Газраас өгснөөр нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргаж, ажил үргэлжлэх ёстой.

Туул голын холбогдох дүрэм журам, хуулийг зөрчиж байгаа учраас олон жилийн хугацаанд гацсан гэсэн үг. Эргийн тохижилт, наран шарлагын тохижилт үргэлжилж байсан ч энэ ажил хууль, журмаа зөрчсөн тул зогсоосон гэсэн үг. Улмаар ямар нэгэн шийдэлд хүрэлгүй 3-4 жил тохижуулах ажил гацсан.

Анх тэр хавьд загвар зураг батлагдахад нь жижиг хэмжээний барилга байгууламжийг төлөвлөсөн байдаг юм билээ. Гэхдээ ажил эхлэхэд барилга байгууламж буюу том суурийн хэмжээтэй цутгалт эхэлж байсан учраас үйл ажиллагааг зогсоосон.

ҮЦХ-гийн урд, наран шарлагын талбай нь нийт 3.39 га газрыг хамардаг. Тохижилтын даалгавар нь ийм гэсэн үг. Хашаалсан хэсэг нь 0.5 га газар байна. Мөн хүүхэд амь эрсэдсэн нуурын хэсгийг хашаалсан” гэлээ.

Холбоотой мэдээ