Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та утаагүй өвлийн түлшний стандартаа зааж өгөхгүй юу?

2024-12-09 56 0

Одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед, тодруулбал 2020-2021 оны өвөл нийслэлчүүд анх удаа утаагүй шахуу өвлийг үзэж билээ. Үр дүнд энэ хугацаанд ханиад томуу өвчлөлийн тоо буурч, иргэд хахаж цацан ханиахгүй тухтайхан өвөлжиж,  ухаалгаар утаатай тэмцсэн Ерөнхий сайд Монгол улсын Ерөнхийлөгч болсон байдаг.

20 жил хэн ч яаж ч чадаагүй хотын утааг ид шидийн гэмээр шингэлж чадсан У.Хүрэлсүхийн ардын баатар болохдоо хэрхэн ажилласан бэ гэдгийг хэн бүхэн өнгөрсөн жилүүдэд тэгтлээ анзаарсангүй.

Тэр үеийн сайжруулсан түлшний чанар, технологи руу өнгийж харсангүй, нэхэн санасангүй.

Сануулахад, тухайн үед Улаанбаатарын баруун, зүүн захад 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд барьж, иргэд түүхий нүүрсээс шошготой уутанд савласан үрлэн нүүрсийн хэрэглээнд шилжсэн. Тэр өвөл галлагаа эхэлсэн цагаас утаа шингэрч бид нийслэлээ бараг хориод жилийн дараа өвлийн улиралд бүтэн дүүрнээр харж баясаж байв. Бас цаашид утаагүй Улаанбаатарт уушги бүтэн амьдрах нь гэсэн итгэлээр У.Хүрэлсүхийг угсраа ялалтаар Ерөнхийлөгч болгочихсон юм.

Харамсалтай ид шидийн цэлмэг өвөл сонгуультай хамт алга болж, дахиад л баргисан хар утаан дундаа аж төрж эхэлсэн билээ.

Уг нь эргэж нэхэн санаад тэр үе рүү очсон бол утаа бидний хувьд тахал бус дурсамж болж үлдэх боломж байжээ. Туршлагатай инженер ийн ярив “Ерөөсөө л барьцалдуулагчийн чанарын асуудал ш тээ. Тэр жилүүдэд маш сайн чанарын судлагдсан, туршигдсан барьцалдуулагч ашиглаж байсан. Удалгүй дарга нь солигдохоор тэр үеийн гэрээт нийлүүлэгч компаниудыг солиод сайн туршлагыг замхруулаад хаячихсан” гэлээ.

Эргэн саная

Тэр жилүүдэд “Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Таван Толгой”-н мидлинг нүүрсийг дотоодын үйлдвэрлэгч “Каолин ланд бридж” ХХК-ийн Налайх дахь үйлдвэртээ үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг хольж, сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байжээ. Барьцалдуулагчийн тухайд тэгэхэд 5-6 компани шалгаруулалтад орж, БНСУ, БНХАУ зэрэг дөрвөн улсын лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлснээр каолин гэх нүүрсний уурхайн давхаргаас гаргаж авдаг бодисоор хийсэн барьцалдуулагч шалгарчээ. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй каолиныг тус компани олборлож, сайжруулсан түлшний эхэн үед нийлүүлсэн. Гэвч каолиныг нь олборлолт нь шилдэг технологи шаардсан ярвигтай ажил тул тэд төслөө явуулахын тулд судалгааны баг ажиллуулж, өөр шинэ технологиор барьцалдуулагчийг “бий болгосон”. Энэ нь каолиноос дутахааргүй үр дүнг харуулж, Улаанбаатар утаагүй хэвээр байв.

Харин одоо яагаад гэдэг асуулт хэн хүнд төрнө. Яагаад гэвэл засаг төр солигдож, шинэ дарга нар томилогдсноор төслийн амжилтыг үл хайхарч хамтын ажиллагааг замхруулсантай холбоотой. Өөрөөр хэлбэл шинэ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоогоор “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн болж, тэр үед үргэлжилж байсан гэрээ, хамтын ажиллагааг шинэчилсэн байна. Харалганаар ард түмний эрх ашиг, аюулгүй байдал, амь нас эрүүл мэндийг огтоос бодоогүй. Дараа дараагийн компаниуд барьцалдуулагч дээр барьц алдаж, байгалийн шохойгоор барьцалдуулж эхэлсэн нь утааг түүхий нүүрсний үеэс ч дордуулж орхижээ.

Улаанбаатарын агаарын бохирдол өдгөө дэлхийн дунджаас зургаа дахин их байгаа. Утааны 80 хувийг гэр хорооллын 200 мянган өрхийн хэрэглэдэг 600 мянган тонн сайжруулсан түлш бий болгодог. Энгийнээр ойлговол 200 мянган яндангаас ямар нэгэн нүүрсийг байгалийн шохойтой барьцалдуулан шатаасан утаа уугиж буй. Бараг дан ганц түүхий нүүрснийхээ утаагаар амьсгалбал дээргүй юу гэж бодогдмоор.

Амь тэмцэж арга ядсан нийслэлчүүд Төв талбайдаа гарч утаатайгаа тэмцэж эхэллээ. Утааны хяналтын сонсгол хийхээр гарын үсэг цуглуулсан нь босгоо давж, утаачдаа “шүүх” цаг ирлээ. Угсраа мэхээр ялалтад хүрсэн Улсын ерөнхийлөгч Та утаагүй цэлмэг өвлийнхөө технологийг эргээд нэг хараад үзээч.

Холбоотой мэдээ