Драмын театр гэх нэр хүндтэй боловч босго өндөр айл руу орох гэж амьдралынхаа 8 жилийг зарцуулж, их айлдаа 22 жилийг уйлж, дуулж, инээж, жаргаж үдсэн хэрнээ нэг л өдөр алтан тайзаа орхих болсон хатуу шийдвэр бол түүнийх. Драмын урлагт дуртай хайрладаг, хүндэлдэг хүн бүр Гавьяат У.Уранчимэггүйгээр драмын театр яана даа хэмээн халаглаж суусан цаг саяхан. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч Гавьяат У.Уранчимэггүй театр 14 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд гавьяат жүжигчин У.Уранчимэг “Хувьсал” продакшныхаа ажилд ханцуй шамлан орж, дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө хэр сайн найруулагч, продюсер, жүжигчин гэдгээ батлан харуулсаар ирсэн.Үүний хамгийн тод жишээ бол “Хувь заяа” уран сайхны кино нь 29 орны шилдэг уран бүтээлчид оролцсон “Сан диего” Олон Улсын Кино наадмаас “Шилдэг бүрэн хэмжээний кино” шагналыг хүртсэн явдал байв. Зөвхөн Монголдоо үнэлэгдэх биш гадаадын зах зээл рүү кино бүтээлүүдээ “сойж” чадсан гавьяатай продюсер.

Түүгээр ч зогсохгүй гурван жилийн турш ажилласан “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээсээ татгалзаж, цаашдаа үзэгчидтэйгээ шинэ, өөр уран бүтээлүүдээрээ уулзах болсноо дуулгаж байв. Энэ нь үзэгчдэд нэг л өглөө гаргасан гэнэтийн шийдвэр мэт санагдах боловч угтаа бол Гавьяат маань аль хэдийн шийдвэр гаргаж, “б” төлөвлөгөөндөө орсон байсан нь дамжиггүй биз ээ. “Монгол хаан” төслөөс гарсан Урнаа гавьяат Цэцэр хатны том дүрийн араас жижиг зүйл ярихыг яарсангүй. Жинхэнэ Цэцэр хатан цэх зогсохоор шийдсэн нь энэ. Учир нь Гавьяат Уранчимэг уг төслийг орхих болсон шалтгаан одоог хүртэл тайлагдаагүй л яваа.
Урлагийнхан дундаа
хөдөлмөрч гэдгээрээ үнэлэгддэг тэрээр хэсэг хугацаанд өөртөө “амралт” өгч эмээгийн “ажлаа” жаргаж хийж байсан Гавьяат Уранчимэг Драмын театрын тайзнаа 14 жилийн дараа эргэн ирэв. Энэ нь мөн л үзэгч түмэнд гэнэтийн бэлэг болов.
Эргэн ирэх ирэхдээ драмын театрын өвөл цагийн нээлт, Монголдоо анх удаа тавигдаж байгаа саунд-драма “Валентин, Валентина хоёр” жүжгийн Валентины ээжийн дүрээр өөрийгөө дахин батлан харуулав.Түүний авьяас билгийн тухай ярих нь илүүц. Гавьяат Урнаа жүжигчний ур чадвараа биеэрээ үлгэрлэж, алтан тайзан дээрээ хэрхэн гэрэлтэж байгааг, хөгжимтэйгөө уялдаж, хэрхэн санаагаа хүргэж байгааг, залуу уран бүтээлчидтэйгээ хэрхэн хоршиж, дэмнэж байгааг үзсэн үзэгчид, үеийн уран бүтээлчид, урлаг судлаачид өндрөөр үнэлсээр байна. Гавьяат Урнаа хэзээнээсээ л залуу уран бүтээлчдийг дэмжиж, замчилж, түшиг болж басхүү хоршиж ирсэн нэгэн гэдгийг түүний уран бүтээлүүдээс харахаас гадна Гавьяат өөрөө ч үүнийгээ ч хэлдэг.
Тайзнаа эргэн ирсэн У.Уранчимэгийн Валентины ээжийн дүр, Ардын жүжигчин Оюундарийн Валентинагийн эхийн дүрд жүжгийн гол зангилаа оршиж, танд бас надад ухаарал хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна. Хайр гэдэг хамгаалахын нэр биш, ойлгох, сонсох, өөрийнхөөрөө амьдрах эрхийг нь үр хүүхдэдээ үлдээж, сонгосон сонголтыг нь хүндэтгэхийн нэр гэдгийг эргэцүүлэхэд хүргэх буй за.
Сэтгэгдэл үлдээх