БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт тамхины хяналтыг чангатгасантай холбогдуулан тус бүсэд зорчих иргэдийг хууль, дүрмийг мөрдөж, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий консулын газраас анхаарууллаа.
Хонконгт 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тамхи татахыг хориглосон бүсийн хүрээг өргөжүүлжээ. Тухайлбал, эмнэлэг, сургууль, хүүхэд асрах төв, асрамжийн газар болон хуульд заасан эрүүл мэндийн байгууллагын орц, гарцын гаднах гурван метрийн доторх нийтийн эзэмшлийн талбайд тамхи татахыг хориглосон байна. Хориглосон газарт тамхи татсан тохиолдолд 3,000 хонконг доллароор торгоно.
Мөн нийтийн тээвэр хүлээх болон хуульд заасан олон нийтийн үйлчилгээ авахын тулд дугаарлан зогсох үед тамхи татахыг хоригложээ.
Түүнчлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 30-наас электрон тамхины шингэн, капсул, халаадаг тамхины савх, ургамлын гаралтай тамхи зэрэг бүтээгдэхүүнийг олон нийтийн газарт биедээ авч явах, хэрэглэхийг хориглосон. Хувийн хэрэглээний бага хэмжээтэй бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчилд 3,000 хонконг долларын торгууль ногдуулах бөгөөд хэмжээ болон зөрчлийн нөхцөлөөс шалтгаалан илүү өндөр хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.
Хонконгийн хилээр электрон болон халаадаг тамхи, тэдгээрийн төхөөрөмж, эд анги, дагалдах хэрэгсэл, шингэн, савх зэрэг бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг мөн хориглодог. Энэ хориг нь тухайн бүтээгдэхүүний тоо хэмжээ болон хувийн хэрэгцээнд ашиглах эсэхээс үл хамааран үйлчилдэг тул зорчигчид ачаа тээшээ урьдчилан шалгах шаардлагатай юм.

Сэтгэгдэл үлдээх