УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.02/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нийт 9 их наяд төгрөгөөс иргэдэд 2.4 их наяд төгрөгийн ногдол ашиг очсон байна. Энэ бол бас бага мөнгө биш. 900 мянган өрхтэй, за сая өрхтэй гэж үзэхэд нэг, хоёр сая төгрөгийг өрх бүрт автоматаар хуваарилахад хүрэх мөнгө. Тэгэхээр энэ тоог нэмэгдүүлэх боломж байна. Хэрэв зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж, хэрэггүй зарцуулалтаа бууруулбал боломжтой. Өнгөрсөн хугацаанд гэхэд нүүрсний бөөрөнхий түлшинд 1.7 их наяд төгрөг зарцуулсан. Энэ бол төсвөөс гарсан их мөнгө. Мөн “Эрдэнэс Монгол” компанид менежментийн төлбөр гэж “Эрдэнэс Тавантолгой” 200 тэрбум төгрөг төлсөн. Гэтэл менежмент нь муудсан, орлого энэ тэр нь муудсан асуудал байгаа.
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр нийгмийн хариуцлага нэрээр 59 тэрбум төгрөгийг янз бүрийн буяны ажил, сургууль, төлбөр зэрэгт зарцуулсан байна. Хэнд өгдөг нь ч бас ойлгомжтой.
Мөн 3.7 их наяд төгрөгийг Баялгийн сан руу орох ёстой байсан мөнгийг оруулаагүй, өр хэлбэрээр бичиж, өөр төслүүдэд зарцуулсан байна. Энэ мэдээлэл Монгол Улсын Үндэсний аудитын газраас хийсэн нийцлийн тайлан дээр гарсан. “Эрдэнэс Тавантолгой” 3.7 их наяд төгрөгийг тийш нь зарцуулсан байна.
Ингээд бодох юм бол иргэдэд очсон 2.4 их наяд төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулсан 9 их наяд төгрөг, үүнээс Баялгийн санд очих ёстой байсан 3.7 их наяд төгрөг гээд асар том мөнгө яригдаж байна.
Энэ мөнгөөр бид нар дандаа намын сүлжээ тэжээж байгаа, түүн дээр орсон бүх талын оролцогчдыг тэжээж байгаа асуудал харагдаж байна.
Ядаж үүний 50 хувийг нь хувьцаа болгож гаргана гэсэн 2010 оны 39 дүгээр тогтоол бий. Үүнийг хэрэгжүүлэхийг шаардана. 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх юм бол одоогоор 20 хувь нь иргэд дээр гарсан, 10.6 хувь нь аж ахуйн нэгж дээр гарсан. Цаана нь үлдэж байгаа 20 хувийг бирж дээр арилжаалах ёстой.
Энэ 20 хувийг гаргаагүй байж иргэдийн гар дээр байгаа 20 хувийг арилжаалах гэж яараад хэрэггүй.
Дээрээс нь иргэдийн гар дээр байгаа 20 хувийг арилжаалахаас өмнө төөрөгдүүлсэн мэдээллийн улмаас хувьцаагаа алдчихсан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнөө маргаашаа яая гэж байгаа хүмүүс байна. Мөнгө авах уу, хишиг хувь хүртэх үү гэхээр “тэгье, хүртье” гээд авч байгаа оюутнууд ч байна. Энэ асуудлыг хууль тогтоох байгууллага шийдэх хэрэгтэй байна. Энэ тал дээр бас ажиллаж байгаа хүмүүс байгаа. Бид нар санал нийлээд ажиллана гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх