Шатахууны хомсдолыг далимдуулан улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байгаа талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгвэл тэр бүлэглэлүүд хэн байв? Шатахууны түгээлтэд зориуд саад учруулсан этгээдүүдийг тогтоосон уу? Төрийн тэргүүний хөндсөн энэ асуудал тодорхой хариулт нэхэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны хангамж, түгээлтийг хэвийн болгох асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөхдөө нийлүүлэлтийн хүндрэлээс гадна улс төрийн зорилготой, зохион байгуулалттай саад учруулж болзошгүй тухай мэдээллийг хөндсөн юм.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Киргиз Улсад уулзахдаа шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарах талаар ярилцсан, тохиролцооны дагуу холбогдох ажлууд хийгдэж байгааг дурдсан. Мөн зарим үед тасалдал үүссэн нь Оросын дотоод нөхцөл байдалтай холбоотой байсныг хэлсэн.
Гэвч Ерөнхийлөгчийн мэдэгдлийн анхаарал татсан хэсэг нь дотоодод зохион байгуулалттайгаар гацаа үүсгэж болзошгүй тухай байлаа.
“Шатахууны хомсдол дээр дөрөөлөн улс төр хийх оролдлого гарч байна. Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэх гэсэн, иргэдийн зовлон дээр улс төр хийж, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байна.”
Түүнчлэн зарим хүн ийм ажиллагаа зохион байгуулахыг оролдож байгаа тухай мэдээлэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ирсэн учраас асуудлыг хөндөж байгаагаа тайлбарласан. Шатахуун түгээх ажилд хэн, хаана, ямар зорилгоор саад учруулж байгааг тусгай албад олж тогтоох боломжтойг ч онцолсон юм.
Ерөнхийлөгч дээрх яриандаа тодорхой нам, компани, хүний нэр дурдаагүй. Мөн шатахуун нийлүүлэгчид хуйвалдсан нь шалгалтаар тогтоогдсон гэж хэлээгүй. Иймээс уг мэдэгдлийг үндэслэн хэн нэгнийг гэм буруутай мэтээр зарлах боломжгүй.
Гэхдээ иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх шатахууны түгээлтийг улс төрийн зорилгоор зориуд гацаасан байж болзошгүй гэсэн мэдээллийг зөвхөн мэдэгдлийн түвшинд үлдээж боломгүй билээ.
Холбогдох байгууллагууд уг мэдээллийг шалгасан уу? Зориудын саад, зохион байгуулалттай үйлдэл тогтоогдсон уу? Тогтоогдсон бол хэн оролцсон, ямар баримтаар нотлогдсон, ямар хариуцлага тооцсон бэ? Харин мэдээлэл батлагдаагүй бол энэ талаар мөн тодорхой тайлбар өгөх шаардлагатай юм. Учир нь нотлогдоогүй мэдээллээр тодорхойгүй бүлэглэлийг буруутгасаар байвал олон нийтийн бухимдлыг л нэмэгдүүлнэ.
Иймээс Ерөнхийлөгчийн мэдэгдлийн мөрөөр эрх бүхий байгууллагуудаас тодорхой хариулт шаардах нь зүй ёсны хэрэг. Шатахууны хомсдолоор улс төр хийсэн гэх хүмүүсийг олсон уу? Олсон бол хэн байв, олоогүй бол шалгалт ямар шатанд явна вэ?
Сэтгэгдэл үлдээх