Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг тогтоох бүх зардлыг хариуцагчаас нэхэмжилнэ

3 цаг 51 минутын өмнө

Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулагдлаа. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хохирлыг тогтоох ажлын явц болон газар дээрх нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 

-Ажлын хэсгийнхнээс газар орон саад ихтэй, морь болон машинаар зорчих боломжгүй байгаа тул хохирол тогтоох ажил удааширч байна. Өнөөдөр өглөө Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд болон газар дээр нь ажиллаж буй ажлын хэсгийнхнийг цахимаар оролцуулан шуурхай хуралдаан хийлээ.

Өнөөдөртөө багтаан БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, нэр бүхий холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг онгоцоор газар дээр нь очиж ажиллах шийдвэр гарсан. Онгоц очин ажиллахад тодорхой хүндрэлүүд байгаа. ОБЕГ-ын онгоц нь Хэнтий, Дорнод, Халхгол сумаар дамжин цэнэглэгддэг. Нөмрөгийн яг тухайн цэгт хүрэхийн тулд хамгийн багадаа 3-4 удаагийн буулт, сумлалт хийх шаардлага үүсдэг. Одоогийн техникийн боломж нь жижиг онгоц тул нислэгийн багийнхнаас гадна 3-4 хүн тээвэрлэх багтаамжтай. 

Халхгол сум болон Дорнод аймагт онгоцны түлш байхгүй тул Улаанбаатар хотоос түлш сумлах тусгай машиныг өнөөдөртөө багтаан ажлын хэсгийн хамт хөдөлгөхөөр болсон. Мөн Нөмрөгт онгоцны ангар байхгүй учраас цас орсон үед нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдөх эрсдэлтэй байгаа тул тооцооллыг нарийвчлан хийж, маргаашдаа багтаан агаарын хөлгөөр Гурван голын уулзвар, хил дагасан Соёлз уулын чиглэлд хохирол тогтоох ажлыг шуурхай явуулахаар ажиллаж байна.

Монгол төр эхний ээлжид өөрсдийн түвшинд авах ёстой бүх арга хэмжээг авч ажиллаад, гарсан бүх зардлыг дараа нь хохиролд тооцож нэхэмжилнэ. Харин Мобиком корпорацийн хувьд газар дээр нь ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг хүнсээр хангах, найдвартай цахилгаан болон интернэт холбоогоор хангах зэрэгт нэн тэргүүнд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгсөн. 

Түймэр гарах үед Мобиком корпорацийн ажилчид ХХЕГ-аас зөвшөөрөл авсан эсэхийг би мэдэхгүй. Харин миний бие өнгөрсөн долоо хоногт Халхгол сум дээр очиж ажиллахад Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга манай байгууллагад нэвтрэх эрхийн хураамжаа төлөөгүй, зөвшөөрөл аваагүй байсан гэдэг мэдээллийг өгсөн. 

Одоогоор тус нутгийн 80 орчим хувь нь шатсан урьдчилсан мэдээлэл байна. Шинжээчид түймэрт өртөөгүй үлдсэн 20 орчим хувийн талбайд үнэлгээгээ хийж байгаа. Түймрээс үлдсэн тухайн шатаагүй бүс нутгуудад зэрлэг амьтдын нягтаршил их байгаа талаар тухайн газарт ажиллаж байгаа шинжээчээс мэдээ ирсэн гэв. 

Дараагийн мэдээ
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.