Улсын онцгой комиссын II хуралдаанаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгчээ. Шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой малыг зориудаар устгажээ.
Устгасан малын нийт үнэлгээ Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний дагуу дээрх хоёр аймагт шүлхийн улмаас устгасан малд нийт ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.
Мөн хуралдаанаар мал тооллогыг технологийн дэвшилд тулгуурлан бодитой явуулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоолол гаргах, малын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Энэ хүрээнд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэл өглөө.
Сэтгэгдэл үлдээх