“Дараагийн зуун өдөрт 100 сая америкчуудыг вакцинжуулна”

access_time 2020-12-03
remove_red_eye 312

АНУ-ын Засгийн газраас ард иргэдийг вакцинжуулахын тулд хэрэгжүүлж буй Варп Спид хөтөлбөрийн удирдагч өнөөдөр/2020.12.3/ вакцинжуулалтын төлөвлөгөө танилцууллаа.

Варп Спид хөтөлбөрийн ерөнхий зөвлөх Монсеф Слауй ирэх оны хоёрдугаар сарын сүүл гэхэд 100 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулсан байх болно хэмээн тооцоолжээ. Тэгэхдээ энэ сард багтааж 20 сая хүнийг, нэгдүгээр сард 30 сая хүнийг, хоёрдугаар сард 50 сая хүнийг вакцинжуулах болно хэмээн Слауй хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид маш ойрын хугацаанд өндөр эрсдэлтэй бүлэг буюу хөгшчүүд, эрүүл мэндийн болон бусад эрсдэлтэй салбарын ажилчид, хавсарсан өвчтэй хүмүүс нийлсэн 100 сая америкчуудыг вакцинд хамруулах бүрэн боломжтой, бэлэн болоод байна” хэмээн ярьжээ.

Түүний хэлж байгаачлан иргэдэд хамгийн өндөр үр дүн үзүүлсэн Pfizer, Moderna компаниудын вакциныг тарих аж. Гэвч одоохондоо аль ч вакцин нь эрх баригчдаас албан ёсоор зөвшөөрөл аваагүй байгаа билээ. Тухайлбал, Pfizer-ийн вакциныг зөвшөөрөх эсэхийг АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар энэ сарын 10-нд, Moderna-гийн вакциныг зөвшөөрөх эсэхийг энэ сарын 17-нд хуралдан шийдвэрлэх тов гарсан юм.

Слауй өмнө нь GlaxoSmithKline компанийн харьяанд 30 гаруй жил ажиллаж, тэр хугацаандаа 14 вакцин бүтээж байсан туршлагатай эрдэмтэн гэнэ.

Тэрбээр Pfizer, Moderna вакцинуудаас гадна хөгжүүлэлтийн эцсийн шатандаа явж буй AstraZeneca, Johnson& Johnson компаниудын вакцинууд хэрвээ зөвшөөрөл авбал хөтөлбөрт нэмэгдэнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549