Ерөнхий сайд буруутай

Ерөнхий сайд буруутай

0
423

Кино ярьж өгье!

Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр тийм ч сүртэй төсөв зарж хийгээгүй, манайд ч захын сумын төв дээр зургийг нь авчихаж болохоор кино шуугиан тарив. “Миссури мужийн Эббинг дэх гурван самбар”. Хүчирхийлүүлж, зэрлэгээр хөнөөгдсөн охины эх Миссури мужийн Эббинг хотын цагдаагийн газрынханд далд гомдол тээнэ. Нэгэн өдөр бүсгүйд хотын захын зам дагуух гурван самбарыг түрээслэн охиныхоо үхлийн талаар бичиж, эсэргүүцэл илэрхийлэх санаа төрнө. Самбаруудын нэгэн дээр бяцхан хотын цагдаагийн даргын нэрийг онцолж бичихээ ч мартсангүй.

Ерөнхий сайд буруутай

Нутаг орондоо нэр хүндтэй, хорт хавдар тусчихаад хоногоо хүлээж буй цагдаагийн дарга илрүүлж чадаагүй хэргийнхээ төлөө насны бөгсөнд сэтгэлийн шаналгаанд орох байх гэж хотынхон өрөвдөв. Телевиз радио ч ирж асуудлыг хангалттай сэвж өгөв. Хүүгээ алдсан эх, хэрэг илрүүлж чадаагүй хорт хавдартай цагдаа.

Хэрүүл тасардаггүй гэрээсээ таксины мөнгөгүй гарсан охин нь ээждээ, “Хэн нэг нь намайг хүчиндчихээсэй” гэж хэлжээ. Ээж нь ч “тэгээсэй билээ” гэж адарна. Охин эргэж ирсэнгүй. Охины доромжлуулж хөнөөлгөсөн цогцосыг олсон цагдаа нар хэргийг илрүүлж чадсангүй. Хорт хавдартай цагдаа эр нэг өглөө хайртай мориныхоо жүчээнд тархиа зад буудаж орхив. Тэр захиандаа хорт хавдраар ахин шаналж, гэргий үр хүүхдээ зовоохгүйн тулд амиа тэвчсэн хэмээн тайлбарлажээ. Харин охины ээжид бичсэн захидалдаа алдарт гурван самбарынх нь дараа сарын түрээсийн мөнгийг төлснөө дуулгана. Ээж үүнд ч тайвширсангүй. Хотынхоо цагдаагийн газрыг галдан шатаав. Дотор нь байсан туслах мөрдөгч азаар амьд үлдсэн ч арилшгүй сорвитой хоцров. Сэтгэл нь шархалсан ээж, сорвитой мөрдөгч залуу хоёр эцэстээ хамт замд гарна.

Энэ кино хүн ба төрийн харилцааны талаар өгүүлсэн нь тэнэг хүнд ч ил. Эзэн биегүй, гарах гарцгүй гомдлоо бид хэн нэгэнд үүрүүлэх хэрэгтэй болдог. Ямар ч нөхцөлгүйгээр бид хэн нэгнээс хариуцлага нэхэхийг хүсдэг. Гэвч төр хэмээх хүмүүсийн олонлогоос өөр үүнийг хүлээн авах зүйл үгүй. Гэхдээ эцсийн эцэст төр ч бай, сул иргэн ч бай хүн хоорондын харилцаа л байдаг. Ийм л нэг төгсөөгүй, гэхдээ үнэн кино. Манайд хаана ч зургийг нь авчихаж болохоор л кино…


Ерөнхий сайд буруутай

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Анандын Амар Москвад эрүүдэн шүүгдэж байхдаа хэлсэн гэдэг.

Хуучин нийгмийн үед Монголын төрийн удирдагчдын олонхи нь матаачдын зүтгэлээр Коминтерн, дотоодыг хамгаалахын гарт амьдралаа хэмжүүлдэг байсан бол одоо ард түмнээр нь удирдагчдыг нь зохион байгуулалттайгаар шүүслүүлдэг болжээ.

Энэ үгийг манай улсын цөөнгүй Ерөнхий сайдын туулсан замнал бэлээхнээ батална. Ялангуяа түүхэн ээдрээтэй үед улс орныхоо төлөө хатуу байр суурь баримталж байсан улстөрчдийн замнал тун ч ээдрээтэй төгсөж байсан нь цаг хугацааны өндөрлөгөөс харагдана.

XX зуунд Монгол Улсын Ерөнхий сайд нар хойд хөршийн илт оролцоотойгоор бурууддаг байжээ. Харин орчин цагт, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд байдал илт дээрдсэн. Гэхдээ Монгол төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон хашиж буй хүмүүсийн зүг зохион байгуулалттай дайралт хийх, яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлахаас эхлээд шүүхээр нотлогдоогүй зүйлээр жадлан буруутгах хандлага сүүлийн үед илт эрчимжих болов. Үүний үр дүнд ардчилсан Монгол төрийн удирдагчдын дунд нэр цэвэр лидер барагтай л үлдсэнгүй. Уг нь энэ хүмүүсийг Монголын ард түмэн ардчилсан зарчмаар сонгож, улс орныхоо жолоог атгуулсан нь үнэн.

Хуучин нийгмийн үед Монголын төрийн удирдагчдын олонхи нь матаачдын зүтгэлээр Коминтерн, дотоодыг хамгаалахын гарт амьдралаа хэмжүүлдэг байсан бол одоо ард түмнээр нь удирдагчдыг нь зохион байгуулалттайгаар шүүслүүлдэг болжээ.

Ерөнхий сайд буруутай1912.11 – 1919.04

Төгс-Очирын Намнансүрэн

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, Чингис хааны алтан ургийн Сайн ноён хан Т.Намнансүрэн 1912 оны дундуур Богд хааны зарлигаар Бүгд ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, тэргүүн сайдаар томилогдсон Монгол Улсын анхны Ерөнхий сайд юм.

1919 оныг хүртэл Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Засгийн газрын гишүүд болох Чин ван Ханддорж (Гадаад яам, 1871-1915), Да лам Цэрэнчимэд (Дотоод яам, 1869-1914), Түшээт ван Чагдаржав (Сангийн яам, 1880-1922), Эрдэнэ ван Намсрай (1920) нар дараалан учир битүүлэг шалтгаан болон гаднын нөлөөтэй нас барсан. Эцэст нь 1919 оны хаврын эхэн сард Ерөнхий сайд Т.Намнансүрэн 41 насандаа учир битүүлгээр нас баржээ.

1924 онд хуралдсан Намын III хурлаас Сайн ноён ханы үлдээсэн хөрөнгийг хурааж улсын орлого болгосон байдаг.

Ерөнхий сайд буруутай1919 – 1920

Гончигжалцангийн Бадамдорж

Г.Бадамдорж ламтан Богд хаанд найман настай балчраас нь монгол хэл бичиг зааж, Монголд элэгтэй хүн болгон хүмүүжүүлсэн гэгддэг. Шанзаб Бадамдорж бол тэртээ 1898 онд Цэрэн-Очир зайсангийн хамтаар Санкт-Петербургт одож, Монголыг тусгаар тогтнуулах асуудлаар хэлэлцэж явснаасаа эхлээд гай, гавьяатны аль алингаар нь дурсагддаг Монголын түүхийн ихээхэн зөрчилтэй түүхэн хүмүүсийн нэг.

Үндэсний төв архивт буй 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт 138 хүнд цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалт үйлдсэний эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө олгосон баримт үлджээ. Энэ нь Монголбанкны одоогийн ханшаар бол 1 тэрбум 251 сая гаруй төгрөг юм.

Ерөнхий сайд буруутай1921.02 – 1921.05
1922.03.03 – 1923.06.23

Содномын Дамдинбазар

Бурхны шашны эрдэмт лам хувилж төрдөг гэх уламжлалын дагуу тодорсон Жалханз хутагтын VIII дүр. Жалханз хутагт Дамдинбазарыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр Богд хаан Монголын тусгаар тогтнолын хэргийг хэлэлцэх итгэмжит хүнээ болгон Бээжин рүү илгээж байлаа.

ХХ зууны эхэн үеийн Монголын шашин төрийн нөлөө бүхий зүтгэлтэн түүнийг Барон Унгерний босгосон Богдын Засгийн газрын Ерөнхий сайд байсан гэдэг боловч зарим эх сурвалжууд Дотоод явдлын сайд байсан хэмээх нь бий. Ямартай ч тэрээр энэ албанд нэг их удалгүй баруун хязгаарыг элбэн тохинуулах сайдаар томилогдсон байдаг.

1921 оны хувьсгалын дараа Ардын засаг бэхжиж амжаагүй хүнд үед төрийн хэрэг явуулахад туршлага, нэр хүндтэй, лам хар алинд нь ч нөлөөтэй хүн хэрэгтэй байсан тул МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан өөрийн биеэр Жалханз хутагтыг залж авчирснаар хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллажээ. С.Дамдинбазар 1923 онд 50 насандаа учир битүүлэг байдлаар насан эцэслэжээ. Түүнийг Богдын өвлийн ордны ойролцоох, одоогийн “Оргил” супермаркет буй газарт гэртээ унтаж байхад нь ханын нүхээр нь жадлаж хороосон гэлцдэг Хүрээний хов бий.

Ерөнхий сайд буруутай1921.05 – 1921.07.10

Манзушир хутагт Цэрэндорж

Манзушир хутагт Цэрэндорж нь Жалханз Хутагт Дамдинбазараас Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг авч, хамаарсан Ерөнхий сайд хэмээн дуудуулж, уг албыг хашиж байгаад 1921 оны долдугаар сарын 10-ны өдрийн 15 цагт Засгийн газрын тамгаа Ардын засгийн Ерөнхий сайд Д.Бодоод шилжүүлсэн билээ. Хутагт Ерөнхий сайдын албыг өгсний дараа хийддээ эргэж очжээ.

1930 оны есдүгээр сард Дилав хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж, Хүүхэн хутагт, Егүзэр хутагт Галсандаш, Зая бандид, Хичээнгүй сайд Гомбо-Идшин, алдарт дипломатич Ширнэндамдин нарын 38 хүнийг хилсээр баривчилан шийтгэсэн байдаг. Хутагт Цэрэндоржийг 10 жил хорихоор ялласан байна. 1937 онд өвгөн настай хутагтыг Ёнзон хамбын гэх хилс хэргээр яллан, цаазаар авчээ.

Ерөнхий сайд буруутай1921.03.13 – 1921.04.16

Дамбын Чагдаржав

Д.Чагдаржав нь хориод наснаас Хүрээ, Хиагт, Троицкосавскт худалдаа хийж, 1914-1917 онд Орос, Англи, Итали орноор аялсан тухайн үедээ өрнө дахины соёлын зах зухыг гадарласан сэхээтэн байжээ. Түүний энэ аяллыг зарим эх сурвалж Богд хааны захиалгаар хийсэн ч гэлцдэг. 1917 оны арваннэгдүгээр сараас Худалдааны ердийн хэлтсийн даргаар ажиллаж байсан тэрээр 1918 оны сүүлчээр Д.Бодоо нартай санаа нэгдэж, Консулын бүлгийг үүсгэн байгуулжээ. Д.Чагдаржав бол Ардын намыг төлөөлөн ЗХУ-д одсон анхны долоон төлөөлөгчийн нэг.

1921 оны гуравдугаар сарын 13-нд “Монгол ардын засгийн хэргийг бүгд түр ерөнхийлөн захирах газар” (АТЗГ)-ыг байгуулан тэргүүлэгч даргад Д.Чагдаржавыг томилсон байна. Ийнхүү Монголд хоёр засаг тогтсон юм. Д.Чагдаржав 1921 оны гуравдугаар сарын 13-19-нд Засгийн газрын дарга, мөн сарын 19-нөөс хойш Засгийн газрын Ерөнхий сайд хэмээн тэмдэглэгдсэн байна.

Тэрээр 1921 оны арваннэгдүгээр сараас Монголын Харилцан туслалцах хоршооны даргаар ажиллаж байхдаа гадаад улс орнуудтай эдийн засгийн талаар чөлөөтэй харилцах байр суурийг баримталсны улмаас чөлөөлөгджээ. Үүний дараа Богд хааны шадар сайдаар тохоогдон 1922 оны хоёрдугаар сарын 8 хүртэл албыг хашсан. Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол Улсын төрөөс Д.Чагдаржавт жүн вангийн зэрэг, хүрэн жинсээр шагнасны дараахан эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан 1922 оны наймдугаар сарын 31-нд Д.Бодоо нарын хамтаар цаазлуулжээ. 1997 оны зургадугаар сарын 11-нд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн.

Ерөнхий сайд буруутай1921.04.16 – 1922.01.07

Догсомын Бодоо

Хувьсгалын нууц булгэм, консулын дэнжийн байгууллагыг үүсгэгчийн нэг, Ардын намын анхны долоогийн нэг Д.Бодоо нь Хүрээнд байсан Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж Оросын залуу дипломатуудтай багш шавийн барилдлагатай болсны дээр 1912 онд Хүрээнд байгуулагдсан орос, монгол хэвлэлийн хороонд хэвлэж байсан “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Шинэ толь” сэтгүүлийн газар хянан найруулагчаар ажиллаж байжээ. Д.Бодоогийн бичсэн Үзэмжит өгүүлэл, Уянгат шүлэглэл зэрэг зохиол бий.

Консулын бүлгийг үүсгэн байгуулж Хүрээний бүлэгтэй нэгдэн Монголын анхны улс төрийн намын эх суурийг тавилцсан. 1921 онд байгуулагдсан АТЗГ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Мөн оны долдугаар сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж, 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс ба Ардын хувьсгалын ялалтыг Д.Бодоо зарлан тунхаглажээ. Энэ үеэс Д.Бодоо Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайдаар хавсран ажилласан.

1921 оны есдүгээр сараас Данзангийн хамт Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгч, 1921 оны эцсээр Бошгыг халах залуучуудын эвлэл гээчийг байгуулан эмэгтэйчүүдийн үсийг тайрах, дээлийн нударга тайрах зэрэг кампанит ажлууд явуулсан, арванхоёрдугаар сард хувьсгалын эсэргүү Саж ламын хэрэг гэгч гарч 48 хүнийг буудан цаазаар хороосон олон чухал үйл явдлын гол зохион байгуулагч, оролцогч нь Д.Бодоо байв.

Д.Бодоог АНУ, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгаж эхлэхэд тэрээр эрүүл мэндийн шалтгаан зааж 1922 оны нэгдүгээр сарын 7-нд бүх албан тушаалаасаа огцорчээ. 1922 оны наймдугаар сарын 31-нд Догсомын Бодоод эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган Дотоод яамны сайд асан Да Лам Пунцагдорж, Түр Засгийн газрын Ерөнхий сайд асан Чагдаржав нарын 15 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалжээ. 1997 оны зургадугаар сарын 11-д Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Д.Бодоо нарын 15 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ.

Ерөнхий сайд буруутай1923.09.28 – 1928.02.13

Балингийн Цэрэндорж

1911 оноос Гадаад яамны (Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам) дэс түшмэл, 1913 оноос Гадаад яамны дэд сайд, 1915 онд тэргүүн сайдын албанд дэвшин ажилласан Балингийн Цэрэндорж ХХ зууны эхэн үеийн Монголын хамгийн нөлөө бүхий улстөрчийн нэг байв.

1918 оны тавдугаар сард Автономит Засгийн газрыг “самуун намын аюулаас хамгаалахын тулд хятад цэргийн нэг хороог Ар Монголд ирүүлэх” тухай Хятадын төлөөлөгч Чен И-д бичиг илгээсэн гол хүмүүсийн нэг Ц.Цэдэндоржийн нэр, Чен-И-гээс монгол ноёдод олон мянган лан мөнгө тараасан жагсаалтад дээгүүр бий.

Ардын хувьсгалын дараа Б.Цэрэндорж Гадаад яамны эрхэлсэн түшмэл, Ардын Засгийн газрын Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Гадаад яамны тэргүүн сайдаар ажиллаж байгаад 1923 онд Ерөнхий сайд С.Дамдинбазар нас барсны дараагаар Ардын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдон 1928 онд насан эцэслэх хүртлээ ажилласан. Энэ үедээ тэрээр “Үндсэн хууль” зохиох комиссын даргаар ажилласнаас гадна нийт 60 гаруй хууль, дүрэм боловсруулахад оролцжээ.

Ерөнхий сайд буруутай1928.02.21 – 1930.04.27
1936.03.22 – 1939.03.07

Анандын Амар

Агданбуу (сахилын нэр Ананд)-ийн Амар бол Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа тохоон томилогдсон гуравхан хүний нэг. А.Амар 1913 онд Гадаад яаманд эх зохиогч, дэс түшмэлээс төрийн ажлын гараагаа эхэлсэн. 1921 оны Ардын хувьсгалын дараа Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, Дотоод ба Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, 1928-1930, 1936-1939 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын даргаар ажилласан.

Шинэ тутам байгуулагдсан Монгол төрийн аппаратыг тогтворжуулахад асар их хичээл зүтгэл гаргасан А.Амар сайдыг төрийн олон түшмэдийн хамт 1939 оны гуравдугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилжээ.

1941 оны долдугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр А.Амар сайдын хэлсэн үгээс: “БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?… Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй… хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” Энэ өдөр түүнд ялын дээд хэмжээ оноож, долдугаар сарын 27-ны өдөр цаазалжээ. ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны арванхоёрдугаар сарын 15-ны хуралдаанаар А.Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 1962 онд цагаатгасан.

Ерөнхий сайд буруутай1930.04.27 – 1932.07.02

Цэнгэлтийн Жигжиджав

1926-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны байцаагч, орлогч дарга, Ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Ц.Жигжиджав 1930 оны дөрөвдүгээр сарын 27-нд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогджээ. Ерөнхий сайдаар хоёр жил гаруй ажиллах үед нь Зүүний нугалаа завхралын жилүүдтэй давхцсан юм.

Онц III бүгд хурал Намын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээр дахин сонгож, Ерөнхий сайдаас чөлөөлсөн боловч БНМАУ-ын Худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайдаар томилжээ. 1933 оны тавдугаар сарын 22-нд буу алдан нас баржээ. Түүний үхлийн шалтгааныг зарим судлаач Сталин түүнд таагүй ханддаг байснаас үүдэн Зөвлөлтийн Дотоод яамнаас зориуд зохион байгуулалттай хийсэн аллага байсан гэж үздэг. Нас барсных нь дараа хувьсгалын эсэргүү Лхүмбийн хэрэгт холбоотой байсан гэж зарлажээ.

Ерөнхий сайд буруутай1932.07.02 – 1936.03.02

Пэлжидийн Гэндэн

1924 онд анхны Үндсэн хуулийг баталсан Их хурлын үеэр Сангийн сайд, Бүх Цэргийн жанжин С.Данзанг хилс хэрэгт холбогдуулан хороосон бол Монголын улс төрд дараагийн 10 жилд гялалзах учиртай П.Гэндэн хэмээх залуу Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдож байв. П.Гэндэн энэ албан тушаалд 1928 оныг хүртэл ажиллаад МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Энэ хүртэл Зөвлөлт, Коминтерний зааврыг аялдан дагаж байсан П.Гэндэн 1932 онд Ерөнхий сайд болуутаа бие даасан хандлагаар ажиллах болжээ. П.Гэндэнг нэгэн уулзалтын үеэр И.В.Сталинд агсам тавьж, гаансыг нь хугалсан талаар домог мэт яриа ч бий. Зах зээлийн өрсөлдөөний зарчим баримталж, ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлахыг шаардах болжээ.

Зөвлөлтийн зааврыг эс хэрэгсэж, том толгойлох болсон П.Гэндэн 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч Зөвлөлт холбоот улсад амрахаар яваад 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны арваннэгдүгээр сарын 26-ны БНМАУ тунхагласан өдөр ЗХУ-д цаазлагджээ. 1956 онд ЗХУ-ын Дээд шүүх П.Гэндэнг цагаатгасан ч 1990 он хүртэл нэрийг нь хэвлэл мэдээллээр дурсдаггүй байв. Охин Цэрэндулам нь 1993 онд амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээсэн нь өдгөө ч ажиллаж байна.

Ерөнхий сайд буруутай

Ерөнхий сайд буруутай1939.03.24 – 1952.01.26

Хорлоогийн Чойбалсан

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Х.Чойбалсан 1922 онд “Д.Бодоогийн хэрэг”-т холбогдон Бүх Цэргийн Зөвлөлийн гишүүнээс огцорч, ЗХУ-д цэргийн сургуульд жил гаруй сурсны дараа 1924 онд эргэн ирж, мөн хилс хэргээр буудуулаад удаагүй С.Данзаны оронд Бүх цэргийн жанжин болжээ. Үүнээс хойш Х.Чойбалсангийн карьер эрчтэй өгссөөр Мал тариалангийн яам, ГЯЯ, ДЯЯ, ЦЯЯ-ны сайдын албыг 10 хүрэхгүй жилийн хугацаанд хашжээ. Энэ үедээ Монгол орныг нөмөрсөн Их хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. 1934 онд Х.Чойбалсан Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ “Лхүмбийн хэрэг” хэмээх зохиомол хэрэгт нэр холбогдож байв. Энэ нэг жилд Х.Чойбалсанг зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамагладаг ч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг.
1937 онд байгуулагдсан Бүрэн эрхт комиссын дарга Х.Чойбалсангийн гарын үсэг зурсан тушаалаар л гэхэд 22000 ямар ч гэмгүй монгол хүнийг цаазаар авсан байдаг. 20 гаруй жил үргэлжилсэн их хэлмэгдүүлэлтээр Монгол Улс 30 гаруй мянган иргэнээ хэлмэгдүүлсэн гэсэн албан бус тоо бий.

Х.Чойбалсан 1939 оноос Монгол орныг орчин үеийн улс болгох үүдийг нээсэн. Түүнээс гадна Халхын голын дайн, Чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчнийг амжилттай удирдан оролцож, Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийг өөрийн улс төрийн амьдралын гол зорилгоо болгожээ. Х.Чойбалсан 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Москва хотноо эмчлүүлж байхдаа өвчний улмаас насан эцэслэжээ.
“Зууны мэдээ” сониноос 1999 онд шинэ зууны босгон дээр явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын түүхт хүнээр Маршал Хорлоогийн Чойбалсан тодорсон юм.

Ерөнхий сайд буруутай1952.01.26 – 1974.06.11

Юмжаагийн Цэдэнбал

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашсан Ю.Цэдэнбал 1933-1938 онд Эрхүү хотын санхүү-эдийн засгийн дээд сургууль төгсөж ирснээсээ хойш нам, төрийн удирдлагад тасралтгүй 44 жил ажиллажээ. Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долдугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв. 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар Ерөнхий сайд болж 1974 оны зургадугаар сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.

Эрх мэдлийн өндөрлөгт байх үедээ Ю.Цэдэнбал нэг хүнийг тахин шүтэх тоталитар дэглэмийн амьд жишээ болжээ. Түүнийг Орост сурч байх үеэсээ тухайн үеийн КГБ буюу ЗХУ-ын тагнуулын байгууллагад элссэн гэх хардлага байдаг. Мөн Монгол Улсыг ЗХУ-д нэгтгэх санаачилга гаргаж байсан баримт ч бий. Ю.Цэдэнбалын үед Монгол оронд хотжилт, нэгдэлжих хөдөлгөөн, бүх нийтийг соёлжуулах соёлын довтолгоон, атар эзэмших хөдөлгөөн, үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжил, бүх нийтээр бичиг үсэг сурсан зэрэг олон үсрэнгүй дэвшил гарсан. Түүнчлэн 1961 онд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон билээ. 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн. 1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол Монгол улс 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн байлаа.

1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Ю.Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргажээ. Монгол орныг хамгийн олон жил жолоодсон удирдагч Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарсан. 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр МАХН-аас Ю.Цэдэнбалыг буруушаасан тогтоол гаргаж, намаас нь хөөж, бүхий л одон медалийг нь хүчингүй болгожээ. Түүнийг 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Хожим 2016 онд Монгол төр албан ёсоор хилсдүүлэн шүүж буруутгаагүй их удирдагчаа цагаатгасан ойлгомжгүй тогтоол гаргаж байв.

Ерөнхий сайд буруутай1974.06.11 – 1984.12.12

Жамбын Батмөнх

1951-1972 оныг хүртэл МУИС-д багшаас ректор хүртэл 20 илүү жил ажилласан профессор Ж.Батмөнх 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар томилогдон төрийн дээд удирдлагад орж иржээ. Тэрээр мөн оны зургадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдож, 10 жил ажиллажээ. Ж.Батмөнх 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу төрийн тэргүүнээр ажилласан.

Ж.Батмөнх 1974-1984 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа үйлдвэрлэлийн үр ашиг чанарыг дээшлүүлэх, төлөвлөлт, удирдлага, материаллаг урамшууллын шинэ системийн үзэл баримтлалыг боловсронгуй болгож, улс ардын аж ахуйн салбаруудад нэвтрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Түүнийг Сайд нарын Зөвлөлийн дарга байх үед манай улс социалист орнуудын хамт “Интеркосмос” программын дагуу сансрын огторгуйг энх тайвны зорилгоор шинжлэн ашиглахад идэвхтэй оролцож, Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа сансарт ниссэн.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас Монголд Ардчилсан хувьсгал өрнөв. Ардчилсан хувьсгал 1990 оны гуравдугаар сард оргилдоо хүрч, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлан, МоАХ тэргүүтэй улс төрийн шинэ хүчнүүд Ж.Батмөнхөөр удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардан өлсгөлөн зарлажээ. Монгол орон даяар хувьсгалын жагсаал цуглаан өрнөж, нийгмийн нөхцөл байдал хурцадсан энэ үед төр засгийн тэргүүн Улс төрийн товчоог ямар нэг эсэргүүцэлгүй огцруулах шийдвэр гаргасан нь Монгол оронд нийгмийн шилжилтийг тайван замаар хийх үүдийг нээсэн юм. Ж.Батмөнхийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар үргэлжлүүлэн ажиллахыг санал болгоход хүлээж авалгүй өндөр насныхаа тэтгэвэрт гарч, 1997 онд насан эцэслэх хүртлээ Улаанбаатар энх тунх амьдарчээ.

Ерөнхий сайд буруутай1984.12.12 – 1990.03.21

Думаагийн Содном

Санхүүгийн техникумээс эхлээд Сангийн яамны орчинд 23 жил ажилласан Д.Содном 1963 онд 30 настайдаа Сангийн сайдаар томилогдож байв. Тэрээр Социалист бүтээн байгуулалтын үеийн хамгийн чухал гурван таван жил болох 1969-1984 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын даргаар ажилласан байна. Түүний үед “БНМАУ-ын Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах схем” нэртэй 1975-1990 оныг хүртэлх 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөг гаргасан нь социалист Монголын хөгжлийн ерөнхий чиг шугам байв.

Д.Содном 1984-1990 онд Ерөнхий сайдаар ажиллаж байгаад огцорсон. Түүнийг төлөвлөгөөний комисс болон Засгийн газрыг удирдаж байх үед Монгол Улс ЗХУ-аас 1976-1980, 1981-1985, 1986-1990 он гэсэн гурван таван жилд тус бүр 2.1-3 тэрбум шилжих рублийн зээл авсан. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүд энэ зээлийн хүрээнд баригджээ. Хожмоо Д.Содном гуайг “Их өр”-ийг тавьсан гэж буруутгадаг ч “Эрдэнэт”-ийг барьсан гэж талархсан хүн үгүй.

Ерөнхий сайд буруутай1990.03.21 – 1990.09.11

Шаравын Гунгаадорж

Москва хотын ХАА-н академийг дүүргэж агрономч мэргэжил эзэмшсэн Ш.Гунгаадорж 1968 оноос эхлэн дунд шатны албан тушаалын шатаар олон удаа өгсөж уруудсаны эцэст 1986-1987 онд ХААЯ-ны сайдаар томилогдож, 1987-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллажээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ид өрнөж байсан хагас жилийн турш тэрээр Сайд нарын зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар ажиллажээ. Ш.Гунгаадорж бол Ерөнхий сайдын суудлаас буусныхаа дараа хамгийн идэвхтэй ажилласан улстөрчийн нэг. Тэрээр 1991-1997 онд Ерөнхийлөгчийн зөвлөх, БНХАУ, Казахстан улсад Элчин сайд, 1997 оноос Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, 2000-2004 онд УИХ-д сонгогдсон. Тэрээр өдгөө Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.

Ерөнхий сайд буруутай1990.09.11 – 1992.07.21

Дашийн Бямбасүрэн

Монгол Улсад ардчилсан замаар сонгогдсон анхны Ерөнхий сайд, эдийн засгийн ухааны доктор Д.Бямбасүрэн. Тэрээр ардчилсан хувьсгалын өмнөхөн 1989 онд Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар томилогджээ. Ардчилсан хувьсгал өрнөх үед нам төрийн удирдагчдаас шинэ улс төрийн хүчнүүдтэй хэлэлцээр хийх үйл явцыг удирдсан. Энэ нь 1990 оны есдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоход нь нөлөөлжээ.
1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдах хүртэл тэрээр улс оронд нийгмийн шилжилт өрнөж асан хүнд хэцүү үед эвслийн Засгийн газрыг удирдсан. Түүний Засгийн газрын үед Монгол орон зах зээлийн эдийн засагт хөл тавьж, эдийн засаг хямран, бараа материалын хомсдол үүсэхийн хамт өмч хувьчлал эхэлсэн. Өнөөдөр ардчиллын эхэн үед гарсан алдаа завхрал бүхний буруутнаар Д.Бямбасүрэн хэмээх буурал чичлэгдсэн хэвээр…

Ерөнхий сайд буруутай1992.07.21 – 1996.07.19

Пунцагийн Жасрай

Хуучин нийгмийн үеийн Эдийн засгийн ухааны томоохон эрдэмтдийн нэг П.Жасрай 1992 онд Ерөнхий сайдаар томилогдох үед Монгол орон эдийн засгийн маш хүнд, хариуцлагатай үедээ ирээд байлаа. П.Жасрайн Засгийн газар зах зээлийн эдийн засгийн эхэн үед ажилласан хэрнээ шийдвэртэй алхам хийгээгүйгээс болж нэн даруй хийгдэх ёстой байсан олон реформ дараагийн Засаг байгуулагдах хүртэл гацсан. Тоймтой ажил юу ч хийгдээгүй энэ засгийн цалгардлыг өмнөх, хойдох хоёр Засгийн газар хувааж үүрдэг нь хачирхалтай.

П.Жасрай гуайн Засгийн газрын үед Монгол төрийн олон тулгуурт гадаад бодлогын үндэс бүрэлдэн тогтсон. Мөн ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, АНУ, Япон, ХБНГУ, БНСУ зэрэг гурав дахь хөрштэй харилцах харилцаа өргөжсөн гэж үздэг. Гэхдээ Ерөнхий сайд П.Жасрай болон Ерөнхийлөгч П.Очирбат нарын зөвшөөрлөөр 1995 онд Монгол Улсын газар нутгийг “Айбекс” хэмээх группт 90 жилийн хугацаатай концессээр олгох мөн “Молам” группт Монгол Улсын агаарын орон зай, гадаад худалдааны эрхийг 60 жилийн хугацаатай олгох тухай гэрээнүүдийг байгуулж байсан нь мэдэгдэн шуугиан тарин, цуцлагдаж байжээ.

Ерөнхий сайд буруутай1996.07.19 – 1998.04.23

Мэндсайханы Энхсайхан

М.Энхсайхан 1996 онд МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл түүхэн ялалт байгуулахад гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхээр тодорч, 1990 онд Монголд Ардчилсан хувьсгал өрнүүлсэн улс төрийн хүчнүүдээс сонгогдсон анхны Ерөнхий сайдаар томилогдсон. Шилжилтийн үеийн хямралд автаад байсан эдийн засгийг түргэн хугацаанд цэгцлэх талаар зоригтой алхмууд хийж, орон сууцыг хувьчлан эдийн засгийн эргэлтэд оруулсан зэргээр түүний Засгийн газрын гавьяаг эдүгээ дурддаг. Гэхдээ үүнтэй нь зэрэгцэн үнэ чөлөөлсөн, өмч хувьчлал дагасан олон асуудалд буруутгагдаж байв. Мөн Эгийн голын усан цахилгаан станц зэрэг ээдрээтэй асуудлууд ч бий.

М.Энхсайханы Засгийн газрыг 1998 онд эрх баригч Эвслийн олонхи намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хуулийн заалтаар шалтаглан огцруулсан. М.Энхсайханы хийсэн эдийн засгийн реформыг хоёр намынхан элбэж муулсаар, өдгөө энэ хүн ард түмний нүдэнд “нураагч” болж харагддаг болжээ. АН-ын лидерүүдийн хагарлын улмаас М.Энхсайхан 2006 онд өөрийн дэмжигчдээ дагуулан АН-аас гарч, Үндэсний шинэ нам буюу одоогийн МҮАН-ыг байгуулжээ.

Тэр бол сүүлийн 30 орчим жилийн Монголын улс төрийн томоохон тоглогчдын нэг. 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2008 онд Шадар сайд, 2014-2016 онд томоохон төсөл хариуцсан Засгийн газрын гишүүнээр ажилласан. М.Энхсайхан өдгөө Монгол Улсыг төлөөлөн Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна. Гэхдээ ч бас хардлага, сэрдлэгэ үргэлжилсээр. Түүнийг бас бус асуудлаар шалгаж буй гэх мэдээлэл одоо ч гарахын зэрэгцээ, Ерөнхийлөгч хүртэл Элчин сайдаас нь эгүүлэн татах саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ.

Ерөнхий сайд буруутай1998.04.23 – 1998.12.09
2004.08.20 – 2006.01.13

Цахиагийн Элбэгдорж

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан гурав дахь улстөрч Ц.Элбэгдорж 1990 оны Ардчилсан хувьсгалын удирдагч бөгөөд 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ АН-ын хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдийн нэг байлаа. Одоо ч энэ нам дотор түүний нөлөө байгаа гэдэг. Тэрээр хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж, УИХ-д 17 жил суусан учраас мал хувьчлал, монгол төр 1930-аад оны их хэлмэгдэлтэд өртсөн иргэдийн үр хүүхдээс уучлал гуйж, цагаатгасан, анхны чөлөөт хэвлэл, телевиз, гадаад бодлогын дэвшил гээд нийгмийн шинжтэй маш олон өөрчлөлт түүнийг засаглалын үед хэрэгжсэн. 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулан гарч ирсэн Ц.Элбэгдоржийн кабинетад Ардчилсан хувьсгалын олонхи гол удирдагчид багтсан ч огцорсон Ерөнхий сайдын фракц болон сөрөг хүчний хатгаасаар найман сар гаруйхны дараа огцорчээ.

Ц.Элбэгдорж 2004 онд байгуулагдсан Их Эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ Засгийн газар авлигатай тэмцэл хийснээрээ алдартай бөгөөд, ГЕГ-ын дарга Х.Баатар авлига авах үедээ үйлдэл дээрээ баригдаж байлаа. 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Ц.Элбэгдoржийн хоёр дахь Засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд болон Ардчилсан намын дөрвөн гишүүний саналаар огцруулсан.
Ц.Элбэгдорж бол Монголын нийгэмд хангалттай их магтагдсан, басхүү хангалттай их муулуулж буй улстөрч. Ардчилсан хувьсгалаас хойш 28 жил өнгөрөхөд тэн хагасаас илүү хугацаанд нь ямар нэг байдлаар төрийн эрх баригчдын хүрээнд байсан учраас Ц.Элбэгдоржийг хардах хардалт ч газар авч байна. Өдгөө Ц.Элбэгдорж өнгөрсөн 27 жилд монголчуудаас хамгийн олон санал цуглуулж чадсан улстөрч, басхүү амьдрал ахуйгаа дээшлүүлж чадаагүй бүхэл бүтэн үеийнхний өш хонзонгоо тайлах гол бай нь болжээ.

Ерөнхий сайд буруутай

Ерөнхий сайд буруутай1998.12.09 – 1999.7.22

Жанлавын Наранцацралт

Дөрвөн жилд дөрвөн Засгийн газар сольсон Ардчилсан холбоо эвслийн гурав дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт газар зохион байгуулалт, хот байгуулалтын салбараас гарч ирсэн улстөрч. Тэрээр энэ салбартаа нэртэй эрдэмтэн, багш хүн байв. 1996 онд Хотын захирагчаар томилогдсон түүнийг 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа Ерөнхий сайдаар томилогдоход тухай үеийн Ерөнхийлөгч илт түлхэц үзүүлсэн. Түүний Засгийн газар долоон сарын турш оршин тогтнож, Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн талаар ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээн үзэж огцруулсан. Гэхдээ нийгмийн нэг хэсэг, эрх баригч эвсэл нь ч түүнийг буруутгасан боловч Ж.Наранцацралт 2000 оны сонгуулиар АН-аас ганцаараа УИХ-д сонгогдсон. Харин 2004 онд ахин сонгогдон ажиллаж байхдаа М.Энхсайхантай хамт намаасаа өрх тусгаарласан. Ж.Наранцацралт 2007 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт болсон хуралд оролцоод буцаж явах замдаа автомашины ослоор нас баржээ.

Ерөнхий сайд буруутай1999.07.30 – 2000.07.26

Ринчиннямын Амаржаргал

Ж.Наранцацралтыг санаад оромгүй шалтгаанаар огцруулсны дараа АН эрч хүчтэй, залуу эдийн засагч Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилов. Р.Амаржаргалын Засгийн газарт тоймтой ажил хийх цаг хугацаа ч байсангүй. Тиймдээ ч өнөөдөр тун нэр цэвэр яваа. Хагас жил гаруйнхны дараа сонгуульд АН ялагдаж, эрх мэдлээ шилжүүлсэн билээ. 1991 оны долдугаар сард Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдсон Р.Амаржаргал өнөөгийн СЭЗДС болтол нь өргөжүүлж чадсан. Эдийн засагчдын байгуулсан МҮДН-аас улс төрд орж, УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажиллаж байв.

Ерөнхий сайд буруутай2000.07.26 – 2004.08.20

Намбарын Энхбаяр

Монголын улс төрд маш хурдан амжилттай карьер хийсэнтэйгээ адилхан асар хурдтай унасан улстөрч Н.Энхбаяр улс төрийн ууган хүчин МАХН-ыг шинэ шатанд гаргасан юм. Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар ажиллах үед Монгол Улсаас ОХУ-д төлөх ёстой байсан Их өрийн ихэнх хэсэг тэглэгдэж, Монгол орныг хамарсан дэд бүтэцтэй болох зорилгын эхлэл Мянганы зам төсөл эхэлж байв. МАХН УИХ-д 72 гишүүнтэй дийлэнх олонхи байсан Н.Энхбаярын засаглалын жилүүдийг улс төрийн өрсөлдөгчид нь дарангуйллын цаг үе гэж тодорхойлсон нь бий. Ямартай ч Н.Энхбаяр хэмээх улстөрч энэ дөрвөн жилд асар хурдан хүчирхэгжсэн бөгөөд ард олны дунд түүнийг тахин шүтэх үзэл ч дэлгэрсэн.

Н.Энхбаярыг 2009 онд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусны дараа МА(Х)Н-ын тухайн үеийн удирдлагуудтай зөрчилдсөний улмаас намаасаа өрх тусгаарласан юм. Улмаар Авлигатай тэмцэх газар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлжээ. Н.Энхбаяр өдгөө өөрийн байгуулсан МАХН болон МҮАН, ИЗНН, МНН гэсэн намуудтай эвсэл байгуулж, 2020 оны сонгуульд эрчтэй бэлтгэж байна.
Н.Энхбаяр бол олон нийтийн дунд Авлигын загалмайлсан эцэг хэмээгдэн 20 гаруй жилийн турш хардагдах, өрөвдүүлэхийн дунд амьдарч буй улстөрч.

Ерөнхий сайд буруутай2006.01.25 – 2007.11.22

Миеэгомбын Энхболд

2004 онд байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг М.Энхболд “эрх зүйн чадамжгүй” гэсэн шалтгаанаар улс төрийн жижиг намуудын тусламжтай огцруулсан. Н.Энхбаярын засаглалын үед Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үедээ нийслэлийн газрыг зарж асар их хөрөнгөжсөн гэж олон нийтэд хардагддаг түүнийг Н.Энхбаярын МАХН доторх улс төрийн нөлөөг хумих зорилгоор 2006 онд Их эвслийн Засгийн газрыг огцруулсан гэлцдэг. Ямартай ч тэрээр 2009 онд намынхаа гол лидер Н.Энхбаярыг тоглоомоос шахаж чадсан бөгөөд өнөөг болтол МАН-ын гол лидер хэвээр байна.

Түүнийг газрын наймаачин гэж хардахаас гадна, хятад гаралтай хэмээх цуурхал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэр нь газар авсан. Мөн төрийн албан тушаалыг схемчлэн зарах тухай 60 тэрбумын төлөвлөлөө гэгч зүйлд ч буруутгагддаг. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нэг шалтгаан нь энэ байсан биз ээ.

Ерөнхий сайд буруутай2007.11.22 – 2009.10.28

Санжаагийн Баяр

“Цаг үе-Залуучууд” нэвтрүүлгээрээ Ардчиллын эхэн үед од болсон С.Баяр МАХН дахь 20 гаруй жилийн карьерийнхаа оргилд 2007 онд хүрсэн. 2007 оны аравдугаар сард болсон МАХН-ын XXV их хурлаар намын даргаар сонгогдсон тэрээр “Албан тушаал ч авъя, хариуцлагаа ч үүрье” гэсэн утгатай үг хэлээд Ерөнхий сайд болж байв. Намын нэр хүндийг өргөж, сонгуульд ялуулна гэсэн далд утгатай энэ үгэндээ С.Баяр хүрсэн ч долдугаар сарын 1-ний цус асгаруулсан үймээн гарснаас ахин эвслийн Засгийн газар байгуулахаас өөр аргагүй болов. Энэ үйл явдал ч С.Баярыг нэг хэсэг “ээрсэн”.

С.Баярын Засгийн газрын хийсэн хамгийн том алхам бол түүний дэвшүүлсэн “Таван төгөлдөршил” бас Оюутолгойн гэрээг байгуулж, Монголд хөрөнгө оруулалт татсан явдал байв. Энэ гэрээг байгуулснаас болж С.Баяр болон түүний Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогт нар нийгмийн дайсан болж хувирсан. Гэрээний үрээр бий болсон 17 хувийн эдийн засгийн өсөлтийг бүгд ярьдаг. Гэхдээ энэ статистик С.Баярын охины Америк дахь хаусууд, С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний асуудал олон нийтийн дургүйцлийг илт төрүүлж, олон популистууд мэндлэх шимтэй хөрс болсоор.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр оролцсон нь ил болсон. Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдэл авуутаа түүнийг эгүүлэн татахаар шийдсэн. Энэ бол зүй ёсны шийдэр гэдгийг тэрээр сүүлийн ярилцлагадаа хүлээжээ. Харин ард түмэн Оюутолгойн гэрээний гол “буруутан”-ыг эргэн ирэхийг хүлээж буй.

Ерөнхий сайд буруутай2009.10.29 – 2012.08.09

Сүхбаатарын Батболд

Өвчний улмаас ажлаа өгсөн Ерөнхий сайд С.Баярын оронд МА(Х)Н-ын дунд үеийн томоохон санхүүжүүлэгч С.Батболд томилогдов. Тавантолгой дахь таван зүгийн ашиг сонирхлын огтолцол дээр сууж байсан энэ эрхэм 2012 онд намаа сонгуульд ялагдуулснаар Ерөнхий сайдын албаа өгсөн.

Түүний Засгийн газар сонгуулий өмнөхөн БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая долларын зээл авч ард түмэнд 2008 оны популист амлалтаа биелүүлсэн болох гэж тарааж орхисныг саяхан л төлж барагдуулсан. Сү.Батболд бол Тавантолгой, “Бороо гоулд”, оффшор гэх маш олон “хэрэг”-т буруутгагдаж, шүршүүлж яваа улстөрч.

Ерөнхий сайд буруутай2012.08.09 – 2014.11.05

Норовын Алтанхуяг

АН-аас хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан гэх тодотголтой Норовын Алтанхуяг МСДН-ын үүсгэн байгуулагчдын нэг, таван нам нийлж, одоогийн АН-ыг байгуулах ажлын голыг нугалсан авторуудын нэг. Ардчиллын хүрээндээ “мөнхийн генсек” хочтой түүний тэргүүлдэг “Алтан гадас” фракц нэгэн үе АН доторх нам шиг л хүчирхэг байлаа.

Н.Алтанхуягийн Засгийн газар олон улсын зах зээлээс “Чингис” бонд босгож, дэд бүтцийн төслүүдийг зоригтой хөдөлгөн эдийн засгийг тэлэх арга хэмжээ авсан нь сөрөг хүчнийхний шүүмжлэлийн бай болж, намын дотоодод том мөнгө рүү тэмүүлсэн хөдөлгөөн үүсгэсэн. Үүнийхээ гороор ч намын гишүүдийнхээ идэвх оролцоотойгоор Засгийн газар нь огцорсон.

Н.Алтанхуягийн Ахлах зөвлөх Л.Гансүх Нүүрс хөтөлбөрөөс мөнгө унагасан хэргээр, хүргэн Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тендер будилаантуулсан хэргээр ял авсан ч, шүүхээс хэргийг анхан шат руу шилжүүлсэн. Харин тэр өөрөө энэ бүхнийг ямар нэг “хонгил”-оос болсон гэж мэдэгддэг. Хэрэвзээ тэр “Чингис” бонд босгож том хөдлөлгүй, ОУВС-г дуудаад тийчилж өгсөн бол өнөөдөр нэр цэвэр цохиж явах байсан биз ээ.

Ерөнхий сайд буруутай2014.11.21 – 2016.07.08

Чимэдийн Сайханбилэг

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гөжиж суучихаад гарын үсэг зурахгүй байсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд сонгогдоод удаагүй байхдаа нисэж очоод гарын үсэн зурчихсан нь Ч.Сайханбилэг сайдын бүрэн эрхийн хугацааны оргил цаг байв. Үүнээсээ ч болж хангалттай чичлүүлж яваа. “Дубай”-н гэх гэрээ гацаад байсан Оюутолгойг хөдөлгөөнд оруулсан нь бодит үнэн. Харин хүлээж болохгүй буулт хийсэн эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Мөн түүнийг сонгуулийн өмнөхөн хийсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаархи мэдэгдэл нь 2016 оноос хойших улстөрчдийн, популистуудын, хэвлэлийнхний, ер нь бүгдийнх нь ярьдаг гол сэдэв боллоо. Шүүх энэ асуудлаар хоорондоо зөрүүтэй шийдвэрүүд гаргаж, нийгэм ч бас талцаж байна. Ямартай ч оросуудад байсан 49 хувь Монголд орж ирсэн нь үнэн. Түүнийгээ л бид булаалдаж суугаа нь ч бас үнэн.

Ерөнхий сайд буруутай2016.07.08 – 2017.10.04

Жаргалтулгын Эрдэнэбат

Сэлэнгэ аймгийн санхүүг баригчаас Улсын санг баригч, Сэлэнгэ аймгийн Засаг баригчаас Монгол Улсын засаг баригч болсон Ж.Эрдэнэбатыг бүгд М.Энхболд хэмээх лидерийн сүүдэр хэмээн харж байв. Нам нь ч, сөрөг хүчин нь ч. Энэ хандлага яван явсаар намын залуус нь кабинетаар нь туг тахиж орхисон. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдангуутаа улс орны эдийн засаг элгээрээ мөлхснийг дэлхий даяар зарласнаар жинхнээс нь элгээр нь хэвтүүлж авсан. Дараа нь улсын жолоогоо ОУВС-д өгөхөөр ойлголцохтой нь зэрэгцэн М.Энхболд дарга огцрох алхыг нь тогшсон билээ. Гэхдээ Ж.Эрдэнэбат бас л хардалт, сэрдэлт дунд огцорч, “хайнаагаа” хагалж чадахгүй явсаар хагас жил болох гэж байна. Тухайн үеийн Шадар, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасах гэх хэрэгт буруутгагдсан ч эцсийн дүндээ үнэн, мөн нь тогтоогдолгүй замхарч байх шиг ээ.

Ерөнхий сайд буруутай2017.10.04 –

Ухнаагийн Хүрэлсүх

Ардын намд фанатик сэтгэлзүйгээр зүтгэж ирсэн У.Хүрэлсүх хүссэн албан тушаалдаа хүрээд 200 шахам хоног нэгэнт өнгөрчээ. Тэрээр энэ хугацаанд БНСУ-гаас 500 сая долларын зээл авч чадсан бөгөөд, Энэтхэг улсын өгөх тэрбум доллараас нефтийн үйлдвэр барихаа шулуухан мэдэгдсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар хөөцөлдсөн нь Арбитрын шүүхэд очоод буй.

Одоогоор У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хардагдаж, хараалгах шалтгаан ховор. Энэ маягаар сүрийг үзүүлсээр сүйдтэй ажил бүтээлгүй бууж чадвал цаашдаа ч тийм байх биз ээ. Гэхдээ түүнд аргацаагч биш гэдгээ нотлох хангалттай хугацаа бий…

Бэртэгчдийн парадокс

Ажил амжуулалгүй, арвитай ажил хийлгүй буусан Ерөнхий сайд нар цагийн цагт нэр цэвэр байжээ. Харин тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцсэн нь хэлмэгдэж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхээр мачийсан нь учир битүүлгээр алагдаж, гэрийн хорионд орж, өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөсөөр суудлаасаа буусан нэгэн цээж тэнэгэр явах.

Ерөнхий сайд бол ШИЙДВЭР ГАРГАДАГ ХҮН. Тэднийг бидний өмнөөс шийдвэр гарга, өрх гэрийн тэргүүн шиг ажилла гэж ард иргэд сонгодог. Гэтэл зоригтойхон хөдөлсөн нэгнээ шүлсээрээ булдаг нь бидний бүтээсэн улс төрийн соёл, бэртэгчдийн парадокс юм.

Одоо улсаараа сайхан сэтгэл амар, гар газар, хөл хөсөр сууцгаая. Угаасаа ЕРӨНХИЙ САЙД БУРУУТАЙ. Бүр бүх юманд буруутай!

Үндэстний тойм сэтгүүл

12 (361) 2018.03.26

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ