Цогтын Амгалан- Улс орны хувьд ч тэр, хүний тухайд ч тэр тусгаар тогтнолын тухай ямар бодолтой явдаг вэ?

Нямтайширын Цэлмүүн- Монгол улс цаасан дээр харьцангуй биеэ даасан гэж хэлж болох ч эдийн засгийн хувьд урд хойд хөршөөсөө хараат байдалд байдаг. Миний хувьд аав ээжийнхээ ачаар дутагдах гачигдахын зовлон үзээгүй хэдий ч багаасаа л тэднийхээ цаг нар, нойр хоолгүй зүтгэж, хөдөлмөрлөж явсныг, ямар үнээр энэ бүхэн олдсоныг нүдээрээ үзэж, зүрхээрээ мэдэрсэн учраас тэднийхээ залуу нас, эрүүл мэнд, оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө бий болгосон компанийг улам хөгжүүлж авч явах том хариуцлага надад байгаа. Дээд үеийнхнээ харж төлөвшсөн хоёр дахь үе бизнесээ илүү их цэцэглүүлдэг, харин гурав дахь үеэс л ямар үнээр боссоныг умартаж эхэлдэг тул одооноос л гэр бүл бүр зөв байж, хүн бүр хүүхдээ зөв хүмүүжүүлбэл олон үе дамжсан хөрөнгөтнүүд бий болж улс ч хүчирхэг болдог байх. Мөн хялбар олдсон хөрөнгө өөрт нь ч, үр удамд ч халтай байдаг гэж боддог.

Ц.А. Ямар хүнийг эх оронч гэж нэрлэж болох вэ?
Н.Ц.
 Хэзээ ч хувийн ашиг хонжоог эхэлж тавьдаггүй, эх орныхоо аюулгүй байдлын төлөө байдаг хүнийг л эх оронч гэх байх даа.

Ц.А. Монгол улс яаж хүчирхэгжих вэ?
Н.Ц.
 Улс өөрөө баяждаггүй, иргэнээрээ дамжин хүчирхэгждэг учраас төр зөв бодлого явуулах нь чухал. Монгол хүмүүсийн баяжихад хамгийн их тээг болдог чанар бол ажил голдог, мөн залхуу зан. Гадаадад сурч байгаа оюутан сургалтын төлбөрөөсөө гадна хэрэглээний мөнгөө залгуулахын тулд ажил гололгүй, хайж олж хөдөлмөрлөдөг. Өөрийнхөө мөнгөөр сурдаг хүн төлсөн цент бүрээ мэдлэг болгон эргүүлж авахыг хичээх нь аргагүй. Монголд харин өөр, оюутнууд нь ажил хийх нь ховор, тэгээд ч мэдлэгийн хувьд ч, амьдрах чадварын хувьд ч дорой байдаг.

Ц.А. Их л чанд хатуу үзэл баримтлал юм даа.
Н.Ц. 
Би их зарчимч. Заавал сүй тавьж байж гэрлэнэ, заавал нөхөрт гарч байж хүүхэд гаргана гэж боддог байсан, тэр л ёсоороо болсон. Хүн алхам бүртээ хариуцлага гэж зүйлийг ухаарах ёстой. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлнэ гэдэг бол зугаа биш, сайн ухаарч, бодож тунгаах нь маш чухал. Хүүхдийг хүмүүжүүлж чадах, сэтгэлзүйн хувьд эрүүл гэр бүл, амьдрах эрүүл орчныг эхлээд бий болгох ёстой. Учир нь олдох байлгүй гэсэн тоомжиргүй байр сууринаас хүний хувь заяанд хандаж болохгүй.

Ц.А. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс юугаараа ялгаатай вэ?
Н.Ц.
 Эмэгтэй хүн олон нарийн зүйлийг гярхай ажиглаж, жижгээс томыг харж, харин эрэгтэй хүн бол эсрэгээр байж эцсийн дүнд бие биенээ нөхөж нэг бүтэн болдог.

Ц.А, Эр хүн бүсгүй хүний юунд татагддаг вэ? Хүүхнүүд ч гэсэн эрчүүдийн юунд нь болдог вэ?
Н.Ц.
 Яг адил сэтгэдэг хоёр хүн гэж байхгүй. Төгс төгөлдөр хүн ч гэж байхгүй. Бүр нэг буруу зарчимтай биш, суурь нь засахын аргагүй биш байвал л болоо. Хайр хамгийн чухал ч гэсэн ганцхан хайр сэтгэлээр харанхуй явах юм бол аз таарвал сайн л биз, эз таарвал хохь болж, өөрийгөө ч, нөгөө хүнээ ч, ирээдүйд төрөх хүүхдүүдээ ч хохирооно биз дээ. Эмэгтэй хүний өөрийгөө өндөр үнэлэх байдал, өөртөө итгэх итгэл л эр хүнийг татдаг байх. Өөрийн гэсэн бодолгүй эмэгтэйг энэ маань хөөрхий, тэнэгхэн амьтан гэж хайрлах хүн ер нь байхгүй дээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дөнгөж танилцаж байгаа эрэгтэй хүнд эхэн үедээ тодорхой хэмжээгээр нөлөөтэй байдаг л байх. Тэгж байж л түмэн хүний дундаас ялгарч, анхаарлыг нь татаж анхны харьцаа үүснэ. Харин урт хугацааны харьцаанд энэ нь гол биш.

ЦА. Хүн хоорондын харьцаан дахь хувцасны ач холбогдлыг юу гэж үнэлдэг вэ?
Н.Ц.
 Хүний тухай анхны мэдээллийг авахад хувцас гол үүрэг гүйцэтгэдэг дээ. Жишээ нь, богино хугацаанд хариуцлагатай шийдвэр гаргах өндөр хэмжээний чухал уулзалтад итгэл төрүүлэх, нэр төртэй байх, асуудлыг өөрийн талд шийдэхэд хувцас маш чухал.

Ц.А. Монголчуудын хувцаслалтын тухайд…?
Н.Ц. 
Манайхан өнгөц үзүүлэлтүүдэд хэт анхаарч, хүнд хувцасладаг, материаллаг сонирхолтой улс. Гэхдээ хүн хувцас болон өөрийн гоо сайхнаас эрч хүч авч байх ёстой учраас бусдад таалагдах үгүй нь биш юуны өмнө өөртөө таалагддаг, өөртөө итгэлтэй байх нь чухал.

Ц.А. Насан туршдаа эрэл хайгуул хийгээд, хажуудахдаа сэтгэл ханахгүй явдаг хүмүүсийн тухайд…
Н.Ц.
 Зөвхөн залуу насны гоёд нь болсон бол цагийн аясаар илүү залуу, гоёыг хайгаад явах байх. Би ийм хүмүүсийг ойлгодог ч үгүй. Ханиасаа царайны сайхнаас илүүг олж харж чадсан хүнд тэгж явах хэрэг байхгүй.

 Ц.А. Олон хүн сайнтай, муутай болохоор чамтай биш, овогтой чинь, эсвэл өөр ямар нэг юмтай чинь ярьдаг хүмүүс байдаг уу?
Н.Ц. 
Банкинд хоёр жил зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа өдөрт маш олон хүнтэй уулздаг байсан болохоор бага зэрэг мэргэшээд, хэн нь ямархуу хүн байна, надад яаж хандаж байна гэдгийг нь тодорхой хэмжээнд мэдэрдэг болсон гэж боддог. Найз нөхдийн хувьд гэвэл жинхэнэ найз хуруу дарам л байна даа.

Ц.А. Өнөөдрийн Цэлмүүнийг ийм үзэл бодолтой болж төлөвшихөд аав ээжийн нөлөө их байсан нь мэдээж. Ээж аавын тань хоорондын харьцаанд ямар сайхан зүйл байдаг вэ?
Н.Ц.
 Аав ээж маань хоорондоо бүх юмаа хуваалцаж, дандаа ярилцаж, нээлттэй байж, зарим асуудалд хүүхдүүдээ ч татан оролцуулж шийдвэр гаргадаг. Ер нь гэр бүлийн халуун уур амьсгал хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлдөг. Бид хэд өрх тусгаарласан ч үргэлж хамт байж бужигналдах дуртай. Нэг нэгнийгээ дандаа үгүйлж байдаг.

Ц.А. Хүний нутагт гэрээ санагалзахад хамгийн түрүүнд юу санаанд орж ирдэг вэ?
Н.Ц. 
Монголоо бодохоор хамгийн түрүүнд эрх чөлөө л санаанд ордог. Гэртээ эрх дураараа, ээж аавынхаа хайран дунд байсан… гээд л. Ямар ч хүн харийн нутагт чөлөөтэй байна гэж байхгүй шүү дээ.

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ