Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөрийг танилцуулах,  мөн иргэд, сонгогчдод тулгамдаж буй асуудлыг сонсож,  шийдвэрлэх арга замыг ярилцахаар  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, А.Ундраа нар өчигдөр Баянгол дүүргийн долоо, наймдугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ “Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь хамгаас чухал болоод байгаа энэ цаг үед  Бид удахгүй  Төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа асуудлыг эв зүйгээр, тодорхой бодлоготой, ёс жудагтай голыг нь олж шийдэхэд  төрийн хүний холч ухаан, долоо хэмжиж нэг огтолдог тулхтай зан чанар юу юунаас илүү чухал. Иймд иргэд сонгогчид та бүхний минь итгэл бат, сонголт нь мэргэн байхыг ерөөж сонгуульд нийтээрээ идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Энэ үеэр иргэд МАН-аас нэр дэвшигч  М.Энхболдыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Тухайлбал тус хорооны өндөр настнууд  “Ахмадууд бид  М.Энхболдыг дэмжиж байна. Улс төрд олон жил зүтгэж яваа ноён нуруутай хүн юм уу даа гэж харж байгаа. Мөн  МАН бол ахмадуудаа үргэлж дэмжсэн зөв зүйтэй бодлого явуулж байдагт нь баярлаж явдаг. Тиймээс М.Энхболд намын дарга Ерөнхийлөгч болох юм бол энэ бодлогоо цаашид улам хөгжүүлээд явах байх гэж найдаж байна” хэмээцгээж байв.

 

Харин  нөгөө талд залуусын төлөөлөл М.Энхболдын мөрийн хөтөлбөрт тусгагдсан залуучуудад чиглэгдсэн бодлогыг ихээхэн дэмжиж, сайшааж байгаагаа хэлж байлаа. Тэд Өрсөлдөх чадвартай Монгол хүн,  Орчин үеийн Монгол хүүхэд, Дэлхийн боловсролыг эх орондоо, Гадаадад суралцах боломж, Бизнесийн боловсролыг багаас нь зэрэг залууст чиглэгдсэн хөтөлбөрүүдийг амьдралд ойр хэрэгжих боломжтой хэмээн үзэж байна.

Уулзалтын төгсгөлд Д.Лүндээжанцан гишүүн хэлэхдээ “Бидэнд эв эеийг эрхэмлэсэн, төлөв төвшин Ерөнхийлөгч хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн насыг 45-аас дээш гэж зааж өгсөн нь ч учиртай. Учир нь энэ насанд хүн аль хэдийн төлөвшлийг олсон байдаг. Юмыг долоо хэмжиж нэг огтлох буурьтай болсон байдаг гэсэн үг. Харин үүний тод жишээ бол манай нэр дэвшигч М.Энхболд. Тэр  иргэдтэйгээ уулзах шахуу хуваарьтай байгаа энэ үед багахан цагаа өрсөлдөгчөө муулж, буруушааж өнгөрөөхөөс илүүтэй ард түмнийхээ дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцаж байгаагаас түүний ноён нуруутай зан чанар харагдаж байна” хэмээн онцолсон юм.

 

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ