Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

2024-01-18 92 0

Өчигдөр АНУ-ын чиглэлд хөөрсөн All Nippon Airways (ANA) компанийн нисэх онгоц согтуу зорчигч нисэх багийн гишүүнийг хазсаны улмаас Токио хотод буцаж газарджээ.

Хэт согтсон 55 настай Америк зорчигч нислэгийн үеэр ажилтан эмэгтэйн гарт шүдээ шигтгэж, хөнгөн шархдуулсан тул ийм арга хэмжээ авах шаардлагатай болсныг ANA компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үүний улмаас Сиэтл хотын чиглэлд нисэж байсан 159 зорчигчтой онгоц Ханеда буудалд буцаж газарджээ.

Газардсаны дараа тухайн зорчигчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Зорчигч юу болсныг санахгүй байгаагаа цагдаа нарт мэдүүлсэн тухай Японы TBS суваг мэдээлжээ.

Энэ явдал сүүлийн үед Японы авиа компаниудаас салахгүй байгаа дуулиануудын үргэлжлэл болж байна.

Нэгдүгээр сарын 2-ны өдөр Ханеда нисэх буудалд JAL компанийн 379 зорчигчтой онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж, бүрэн шатсан осол гарсан.

Энэ ослын үеэр эргийн хамгаалалтын албаны онгоцонд явсан зургаан гишүүний тав нь амиа алдсан юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Хоккайдо арлын Саппоро хотын нисэх буудалд Korean Air компанийн нисэх онгоц Cathay Pacific компанийн онгоцтой шүргэлцсэн осол гарч байв. Korean Air компанийн онгоцыг чирч байсан машин цасан дээр халтирч замаасаа гарсны улмаас зогсоолд байсан Cathay Pacific компанийн хоосон онгоцыг шүргэсэн тухай албаныхан сүүлд тайлбарлажээ. Энэ үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

Ням гарагт үүнтэй ижил осол Чикаго хотын нисэх буудалд гарах үеэр ANA компанийн онгоц Delta Airlines компанийн онгоцтой шүргэлцжээ.

Бямба гарагт ANA компанийн бас нэг онгоц нисгэгчийн бүхээгийн цонх цуурсан шалтгаанаар буцаж газардсан юм.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ