ХЯТАД ЭМЭГТЭЙГ АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ УУЛЗАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

Гурван монгол охиныг хулгайлахаар завдсан гэх хятад эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр 2001 оноос хойш тус эмнэлгийн хяналтад орж, энэ удаад 12 дахь удаагаа хэвтэж буй аж. Түүнээс арчдсын шинжилгээ авч, сэтгэцийн өвчин нь сэдэрсэн болохыг тогтоосон тухай эх сурвалж мэдээлэв. Мөн СЭМҮТ-ийнхөн ар гэрийнхнийг нь түүнтэй уулзахыг хориглосон гэв.

Одоогоос яг долоо хоногийн өмнө /2017.05.25/ Теди худалдааны төвд Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн гурван сурагч охиныг “Гоё юм авч өгье” гэж хууран дагуулж, явж байхад нь “Мобиком”-ын үйлчлүүлэгч эмэгтэй Г нь цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэрэг олны анхаарлын төвд орсон билээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, сэжигтэн эмэгтэйг ийнхүү СЭМҮТ-д түр саатуулсан юм.

Зарим эх сурвалж сэжигтэн хятад эмэгтэйг Теди төвийн ариун цэврийн өрөөнд орж, охидын бичлэгийг хийж, зургийг нь аван хятад руу “We chat”-аар явуулсан. Мөн хулгайлагдсан гэх сурагч охид “авраарай” гэж бусдаас тусламж гуйсан зэргээр мэдээлж байсан билээ. Харин дээрх мэдээллийг сэжигтэн хятад эмэгтэй амьдардаг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга үгүйсгэлээ.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга

Тэрбээр хулгайлагдсан гэх гурван охины сургуулийн захирлын хамт эцэг, эхийг нь, сурагчидтай хамт дуудан уулзжээ. Энэ үед охид “Өөрсдийнх нь зургийг гар утсаар аваагүй, бид хэн нэгнээс тусламж гуйгаагүй. Бид өмнө нь энэ эмэгтэй таньдаг байсан. Улмаар гоё юм авч өгье гээд, хамт Теди төв рүү утсыг нь сэргээлгэхээр явсан” хэмээн тайлбарлажээ.

Монголд суурьшсан 40 гаруй хятад иргэн 11 дүгээр хороонд амьдардаг

“Хятад нэр нь Ванг Фул Иан, монгол нэр нь Отгоо гэх эмэгтэй мөнгөтэй байвал хүүхдүүдэд элдэв янзын юм авч өгдөг. Гэхдээ бусдад гэмгүй. Үүнийг хүүхдүүд мэддэг учраас дагаж явсан байсан. Хүүхдүүд өөрсдөө энэ эмэгтэйн мөнгийг ашиглахаар авч явсан ч байж магадгүй. Харин интернэтээр ямар ч баталгаагүй мэдээлэл цацагдсан байна билээ. Яг хэдэн оноос манай хорооны харьяалалд бүртгэгдсэнийг нь мэдэхгүй. Монголд төрж өссөн. Хавар болохоор сэтгэцийн өвчин нь сэдэрдэг” хэмээн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга ярилаа. Энэ хороонд Ванг Фул Иан шиг монголд суурьшсан 40 орчим хятад иргэн амьдардаг байна.

 

Хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсгийн Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн ажилтан Д.Оюунчимэг “Хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэй нь 1984 онд Монгол улсад төрж, өссөн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг учраас сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй’ гэсэн тайлбар өгсөн юм.

 Ванг Фул Иан нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн орчимд … тоот хашаанд оршин суугаад 30 гаруй жил болж буй. Тэрбээр өөрийн дүү 1985 онд Улаанбаатар хотод төрсөн Отгонбаяр гэх залуутай амьдардаг аж. Тэд албан ёсоор БНХАУ-ын иргэн гэх бүртгэлтэй байдаг ч Монгол Улсад оршин суух эрхтэй, улсын бүртгэлээс авсан ЮД гэх регистерийн дугаартай юм байна. ЮД гэх регистерийн дугаарыг Монгол Улсад суурьшсан хятад иргэдэд олгодог. Тэрбээр энэхүү бүртгэлээрээ СЭМҮТ-ийн хяналтад байдаг гэнэ.

Хятад эмэгтэй өвөө, эмээтэйгээ уулзах гэж БНХАУ руу явдаг байжээ

Ванг Фул Ианы төрсөн дүү Отгонбаяр

Харин Ванг Фул Ианы төрсөн дүү болох Отгонбаяр “Бид ядуу амьдардаг. Та нар орж үзэж болно. Хүмүүс өвчтэй эгчтэйгээ амьдрах ямар хэцүү болохыг мэдэхгүй л дээ. Би хоногийнхоо хоолны мөнгийг таксинд явж, заримдаа орчуулга хийж олдог. Эгч бол ямар ч орлогогүй хүн. Бид хоорондоо бараг харьцдаггүй. Би дээд давхартаа, тэр доод давхарт амьдардаг. Өвчин нь сэдрээгүй үедээ эгч орчуулга хийж мөнгөтэй болдог гэсэн. Өөр бусад ажил хийж цалинтай болъё гэхээр биднийг тоож ажилд авах хүн Монголд алга. Бид эхээс долуулаа. Эгч доороосоо гурав дахь хүүхэд. Хятадад онц сурдаг байсан. 16 настайдаа ийм сэтгэцийн өвчтэй болсон. Бид аав ээжийг өнгөрөхөөс өмнө хятад руу өвөө, эмээдээ очих гэж явдаг байсан. Одоо бол бүгд байхгүй, нас барсан. . Цаашид яаж хүний нүүр харна. Өнгөрсөн ням гаригт СЭМҮТ рүү эгчтэйгээ уулзах гээд очсон. Гэхдээ эмнэлгийнхэн оруулаагүй, уулзуулаагүй” хэмээн ярилаа.

Д.Уламбаяр

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

ХАРИУ СЭТГЭГДЭЛ БИЧИХ