ЦААЗ БОЛОН УУЧЛАЛЫН ТУХАЙД

access_time 2018-09-21
remove_red_eye 216

 

Арав шахам жилийн өмнө юмсан. Миний бие тэр үед Жайкагийн тусламжтайгаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэд байгуулагдаад байсан Иргэний эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүнээр ажиллаж байв. Төвд маань арван хүн ажилладагын ихэнхи нь надаас хавьгүй ахмадын дээр ажлын туршлагатай сайхан хамт олон байсан даа. Бид иргэний, эрүүгийн олон хэрэг дээр ажиллаж, хүний эрхийг хамгаалж, туршлага солилцдог байлаа. Тэр үед тохиолдсон нэгэн түүхийг товчхон хүүрнэе.

Нэгэн өдөр ажлын цаг дууссан хэдий ч ажил нь дуусаагүй бидний хэдэн нөхөд бүрэнхий болтол бичиг цаастайгаа зууралдаж байтал Даваа хэмээх өмгөөлөгч эгч сэтгэл санаагаар унасан байдалтай орж ирээд хэсэг дуугүй суулаа. Хаанаас ирсэн, юу болсныг нь бид битүүхэн гадарлаж байсан юм. Ахмад өмгөөлөгч Ламзав гуай бие нь чилээрхүү байсан тул түүнд шилжүүлэн өгсөн хүн амины хэргээр яллагдсан нэгэн залуугийн хэргээр 461 дүгээр анги буюу олны нэрлэдгээр Ганц худагт очоод цаазаар авахуулах ял сонссон О гэгч залуутай уулзаад ирсэн нь тэр л дээ.

Болсон хэргийн тухайд бол нэгэн хөрөнгөлөг 40 орчим насны дээд боловсролтой Б гэгч эр /нэрийг нууцлав/ О хэмээх залууг ойр зуурынхаа ажилд туслуулдаг байж. Ачаа бараа зөөхөөс авахуулаад хар бор ажилд нь О тусалж, цөөн хэдэн төгрөг авдаг байсан хэрэг.

Нэг өдөр Б нь О-г яаралтай хүрээд ирээч хэмээн 4-р хороололд байдаг гэр лүүгээ дуудсан бөгөөд яваад очиход нь: “Би найз бүсгүйгээ алчихлаа, чи энэ хэргийг даачих. Ахад нь хөрөнгө мөнгө хангалттай их бий, чамайг хэсэг суулгаж байгаад аваад гарна, 50 сая, 70 саяыг ч хамаагүй хуулийнханд өгөөд гаргачихна” гэж тулгажээ. О мэдээж татгалзаж, хариуд нь Б “Тэгвэл чамайг ч бас алчихая” хэмээн хутга барин дайрч. Амиа хамгаалахын эрхэнд О хутганы ирээс барин Б-ийн дайралтыг зогсоосон бөгөөд гарын алгандаа авсан шарх нь хожмоо гүн сорви болон үлдсэн байдаг. Ингээд О-д хэргээ үүрүүлэхээр тохирсон Б гүйж гаран ТҮЦ-ний цагаан утсаар цагдаа дуудсан бөгөөд цагдаагийнхан ирээд талийгч эмэгтэйн цогцсыг шүүх эмнэлэгрүү хүргэн, цус болсон хувцастай О-г цагдан хорьсон байна. Цагдан хоригдсоных нь дараа Б-ийн дүү гэх цагдаад ажилладаг хүн О-той уулзаж хэргийг үг дуугүй хүлээхийг сануулсан гэж О мэдүүлдэг ч харамсалтай нь камер төдийлөн нэвтрээгүй байсан 2004 оны үед түүнийг нь нотлох баримт олдоогүй юм.

О анхны мэдүүлэгтээ Б-ийн найз бүсгүйг хөнөөсөн гэж мэдүүлсэн ч учир байдлыг ойлгоод болсон явдлыг хожим үнэнээр нь мэдүүлж. Талийгч эмэгтэй хувьд Б-ийн зүгээс хардалтын шалтгаантай хүчирхийлэлд өртөж, төмөр утсаар хоолойгоо боолгуулсан тохиолдол гарч байсан бөгөөд хэрэг гарахаас хэсэг хугацааны өмнө өөрийн найз бүсгүйдээ “Би энэний гарт үхэж магадгүй” гэж ярьж байсан гэдэг.

Харамсалтай нь мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаа О-гийн анхны мэдүүлэгт үндэслэж явагдсан бөгөөд хэд хэдэн шат дамжсаны эцэст О-д цаазаар авах ял оноосон шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Шүүх хурлын үеэр Б машид сандарч, ээрч мууран зөрүүтэй мэдүүлгүүд өгч байсан ч хавтаст хэргийн хүрээнд бүх шатны шүүх О-д цаазаар авах ял оноосон.
О-ийн ээж хэмээх шавилхан биетэй настай эмэгтэй ганц аврал болсон өмгөөлөгчтэйгээ уулзах гэж манай ажлаар эргэлдэн, өмгөөлөгч эзгүй үед хүлээлгийн буйдан дээр гүн бодолд автан хэдэн цагаар хөдөлгөөнгүй суух нь сэтгэл шимшрүүлдэгсэн. Хүүрнэл эхэлсэн тэр өдөр Даваа өмгөөлөгч ээжийг нь дагуулан Ганц худаг орчихоод ирсэн нь тэр л дээ.

Цаазаар авах ялыг уучлах эрхтэй ганцхан субьект болох ерөнхийлөгчид хандан хүсэлт бичүүлэх гээд өмгөөлөгч нь О-г гуйгаад цөхөрч. Учир нь би гэм буруугүй байж уучлалт гуйхгүй, цаазаар авахуулая гээд О зүтгээд байсан тул ээжийг нь дагуулж очиж, уйлан байж гуйлгуулсаар бичүүлсэн өргөдлийг нь бид тэр өдөр уншсан юм. Олон жил өнгөрсөн ч, нэг ч удаа хэрэг зөрчилд холбогдож, эрүүлжүүлэхэд орох юмуу захиргааны арга хэмжээ авагдах зэргээр зөрчил гаргаж байгаагүй тэрхүү эгэл жирийн залуугийн харанхуй шоронгоос дөнгөтэй бичсэн өргөдлийн зарим мөрүүд сэтгэлд тод үлджээ.

“Эрхэм Монгол Улсын ерөнхийлөгчөө, миний бие хэдийгээр гэм буруутай үйлдэл хийгээгүй боловч хилс хэрэгт гүтгэгдэн цаазаар авахуулах ял сонслоо. Хэдийгээр уучлал хүсмээргүй байсан ч хөгшин настай ээжийгээ бодож, энэ сайхан эх орондоо иргэн нь болж төрсний хувьд энэхүү өргөдлийг бичиж сууна… Яг энэ мөчид хэргийн жинхэнэ эзэн ялалтаа тэмдэглэн хундага тулгаж байгаа даа…” гэсэн тэрхүү өргөдлийг уншихад өөрийн эрхгүй дотор бачууран, элэг эмтэрч билээ.

О-г Ерөнхийлөгч уучлаагүй. Тэр өнөөдөр бидний дунд байхгүй. Хөгшин ээж нь дээлтэйгээ хатаж, хэргийн эзэн эрх чөлөөтэй яваа. Хэзээ нэгэн цагт шинээр нотлох баримт олдлоо ч гэсэн бүх зүйлийг залруулахаасаа өнгөрсөн. Тэр манай хуулийн системийн доголдол, дутагдлын дундуур амиа өргөсөн, эрх чөлөөгөө хасуулж амьдралаараа хохирсон олон зуун залуусын зөвхөн нэг нь.

Ийм болохоор би цаазын ялыг дэмждэггүй. Яагаад дэмждэггүй вэ гэсэн асуултанд товчхон хариулж бас чаддаггүй юм. Жигшүүрт хэрэг үйлдэгсэд бий нь үнэн боловч тэднийг хоромхон хугацаанд дуусгах биш олон арван жилээр тусгаарлаж цээрлүүлэх ёстой гэж боддог маань ч үүнд нөлөөлдөг. Ямагт хүний эрхийг хамгаалж явдаг өмгөөлөгч мэргэжлийг эзэмшсэн, эрхэлж явсантай маань ч холбоотой байхаа.

Цааз болон уучлалын тухайдОЮУНСАЙХАНЫ АЛТАНГЭРЭЛ·FRIDAY, JUNE 3, 201619 ReadsХуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл бичиж…

Posted by Oyunsaikhan Altangerel on Tuesday, November 8, 2016

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549