“Шүдгүй арслан” Хотын дарга болох уу, эсвэл…

access_time 2019-02-25
remove_red_eye 308

 

Маргааш буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр НИТХ ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ. Төлөөлөгчдийн ирц болоод аливаа улстөржилт үгүй бол маргаашдаа асуудал шийдэгдэж, хотын дараагийн дарга ажилдаа орох юм. Гэхдээ асуудал хэрхэхийг маргааш л харцгаая.

Уг нь иргэд сонгогчдын итгэлийг хүлээсэн эрх баригч нам бодлогоо үргэлжлүүлээд явбал зүгээр. Алдсан ч оносон ч нам хариуцлага хүлээнэ гэсэн үг шүү. Гэвч юмыг яаж мэдэх вэ. Сул гишүүнд заалнаас нэрээ дэвшүүлж төлөөлөгчдийн дэмжлэгийг авчихлаа гэж төсөөлье.

Энэ тохиолдолд эрх баригч МАН-ын дэмжлэггүй хотын шинэ дарга ямар намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэний бодлогоор ажиллах вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Бие даагчийн бодлого гэж байх уу. Байлаа ч тэр нь хотыг удирдахад жулдахгүй юу. Ямартай ч Ерөнхий сайд болоод эрх баригч намын зүгээс бие даагчтай хамтран ажиллана гэж байхгүй.

Тэгээд ч намын бодлогыг сөрсөн хүн бол бүр ч хамтрахгүй биз. Өөрөөр хэлбэл МАН-ын болоод Ерөнхий сайдын дэмжлэггүй сонгогдсон хотын дарга “Шүдгүй арслан”-тай адилхан болно гэсэн үг. Тэгэхээр хотын дарга “шүдгүй арслан” болох уу, эсвэл хотын ажлыг урагшлуулахын тулд Засаг төр, эрх баригч МАН-тай гар нийлээд ажиллаж чадах, ажлаа мэддэг нэгэн болох уу гэдэг нь НИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрлэх асуудал болоод байна.

Хуулийн дагуу энэ удаа НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан хэн ч байлаа гэсэн түүнийг Ерөнхий сайдын зүгээс тав хоногт багтааж үүрэгт ажилд нь томилох ёстой.

Хэрвээ “шүдгүй арслан” хотын дарга болох юм бол үүнээс шалтгаалан хотод хийгдэх олон төсөл хөтөлбөрүүд гацаж, сонгуулийн жилтэй золгоно. Хотын шинэ дарга өрөөндөө “шавар баримал” төдийхнөөр оршин тогтносоор 2020 оны сонгуулийг угтаж тамгаа шилжүүлнэ гэж ойлгож болох.

Тэгвэл ийм зүйлийг иргэд, сонгогчид хүсээгүй. Богино ч болов хугацаанд хөгжлийн шийдлээ тодорхойлж, эрх баригч нам хамтраад удирдах төвшиндөө нэг баг болж, нийслэлийн хэмжээнд зогсонги байдалд орсон хүлээлт үүсгэсэн ажлуудыг хөдөлгөх нь зөв. Үүнийг л сонгогчид хүсч байгаа. Харин сонгогчдыг төлөөлж буй НИТХ-ын төлөөлөгчид иргэд сонгогчдын эрх ашгийг илэрхийлж чадах уу, эсвэл хувийн эрш ашигтаа хөтлөгдөн хотын ажлыг гацаах шийдвэр гаргах уу гэдэг нь маргааш тодорхой болох юм.

Засгийн эрх барьж байгаа МАН-аас НИТХ-д сонгогдсон олонхи төлөөлөгчид нийтийн эрх ашгийн төлөө үүнийг ойлгож, мэргэн шийдвэр гаргана биз ээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549