НӨАТ-ын урамшуулал ирэх долоо хоногт орж магадгүй

access_time 2019-02-25
remove_red_eye 259

 

НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй 60 мянга гаруй иргэн бий. Буцаан олголтоо аваагүй иргэдийн урамшууллыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг хэлэхдээ, “2018 оны НӨАТ-ын буцаан олголтоо Голомт, Хасбанкаар урьдчилж авсан 64.266 иргэн мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын 5.1 дэх заалтын дагуу дахин нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн 382 иргэний буцаан олголтын гүйлгээ Монгол банк руу шилжээгүй.

Татварын албанаас дээрх иргэдийн буцаан авалтыг дахин нягтлан шалгаж үзээд 2019 оны 01 дүгээр улиралд багтаан оруулахаар ажиллаж байна. Монгол банк руу гүйлгээ шилжүүлсэн иргэдээс нэр дансны зөрүүтэй, тухайн банкны данс идэвхгүй буюу хаагдсан, эсвэл дансаа буруу бичсэн шалтгаанаас үүдэн 15.964 иргэний гүйлгээ буцаагдсан. Гүйлгээ буцаагдсан иргэд өөрийн аккаунтаар дамжуулан хэрэглэгчийн мэдээллийн хэсэгт хувийн мэдээллээ засварлах боломжтой байгаа.

Тодруулбал, гүйлгээ буцаагдсан иргэдийн тухайд мэдээллээ засварлах эрхийг нь нээсэн. Одоогоор 1753 иргэн мэдээллээ засварласан байна. Эдгээр иргэний 246.4 сая төгрөгийн буцаан олголтыг олгохоор Монгол банк руу гүйлгээг дахин шилжүүлсэн.

Товчхондоо, 15.664 иргэний гүйлгээ буцсанаас мэдээллээ засварласан 1753 иргэн байна гэсэн үг. Үлдсэн 14.211 мэдээллээ засварлах шаардлагатай. Одоогоор мэдээллээ шинэчлээгүй байна.

“Голомт” болон “Хас банк”-аар НӨАТ-ын буцаан олголтоо урьдчилан авсан иргэдийн үлдсэн урамшууллыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгоно. Миний зүгээс ирэх долоо хоногт байх гэж харж байна” хэмээв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549