Ирэх оны дөрөвдүгээр сараас гадаад ажилчин авч эхлэхээ Шинзо Абэ мэдэгдлээ

access_time 2018-07-27
remove_red_eye 70

Эдийн засгийн олон салбарт нь ажиллах хүч дутагдаж байгаа тул ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадаас ажилчин олноор хүлээж авах хэрэгтэй байгааг Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр засгийн газрын хуралдаан дээрээ хэлжээ.

Тэрээр танхимын сайд нартаа бэлтгэл ажлыг түргэсгэхийг даалгаж, тодорхой ур чадвар шаардахгүй ажлын байруудад гадаад ажилчдыг авч эхлэх хэрэгтэй байгааг сануулсан байна.

Одоо тус улс зөвхөн нарийн мэргэжлийн ажилчдыг авдаг бол ирэх оноос тодорхой мэргэжлийн ур чадваргүй ажилчдыг хүлээж авах юм.

Төлөвлөгөө ёсоор Япон улсын цагаачлалын албанд зөвхөн мэргэжилгүй ажилчдын асуудлыг хариуцах бие даасан агентлаг байгуулах гэнэ.

Засгийн газар бас ирэх намар болох парламентын ээлжит бус чуулганд цагаачлалын хуулийг шинэчлэх саналаа оруулж батлуулах юм.

Гадаад ажилчдад олгох 5 жилийн хугацаатай шинэ визийг бий болгох ба харин ажилчдыг гэр бүлээ Японд дагуулж ирэхийг хориглохоор тусгажээ.

Шинээр ирэх гадаад ажилчид голдуу жижиг болон дунд хэмжээний компаниудад ажиллахаас гадна ахмад настнуудыг асрах болон хөдөө аж ахуйн салбарт ажиллана.

Ажилчдаас тодорхой ур чадварын болон япон хэлний шалгалт авна. Харин Японд гурваас дээш жил техникийн сургалт, дадлагад суусан хүмүүсийг шалгалтаас чөлөөлөхөөр заажээ.

Эхний ээлжинд асаргаа сувилал, хөдөө аж ахуй, барилга, далайн хөлөг онгоцны үйлдвэрүүдэд ажилчин авах бол аж үйлдвэрлэл, загасчлалын салбарууд нэмэгдэхээр байгаа гэнэ.

Хүн ам нь тасралтгүй хөгширч, хорогдож байгаа Япон улс ажиллах хүчний гүн хомсдолд ороод байна. 2017 оны байдлаар 100 ажилтан тутамд 150 ажлын байр ноогдож байгаа нь сүүлийн 40 жилийн хугацааны хамгийн өндөр хомсдол юм.

Эх сурвалж: Japan Today

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549