Автомашины улсын дугаар солиход иргэдийн халааснаас НЭГ Ч ТӨГРӨГ АВАХГҮЙ

access_time 2019-02-22
remove_red_eye 472

 

-АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ ХЭЗЭЭ СОЛИХ ЭСЭХ НЬ
ӨНӨӨДӨР ТОДОРХОЙ БОЛНО-

Автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөх тухай асуудал хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн байдаг. Тухайн үедээ “мөнгө угаах аргын нэг хэлбэр” хэмээн олны эсэргүүцэлтэй тулгарч нам гүм болж байв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлж, “Автомашины дугаарыг солихыг манай яам дэмжихгүй. Номер хийдэг бизнес л яваад байх шиг. Монголчуудаас цөөн тооны хүн л машинтайгаа хоёр хөрш рүү нэвтэрч байгаа. Зөвхөн үүний төлөө албадан солих тухай асуудал гаргаж болохгүй” хэмээснээр асуудал намжсан.

Саяхнаас Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн 2019 оны долдугаар сарын 01-нээс сольж эхлэх тухай мэдээллүүд дахин нийтлэгдэж эхлээд байна. Эл асуудал эцэслэн шийдэгдээгүй ч, холбогдох байгууллагуудын ихэнх нь хүлээн зөвшөөрч ЗТХЯ-наас гарах шийдвэрийг хүлээж байгаа.

2018 оны байдлаар Монгол Улсад 970.880 тээврийн хэрэгсэл тоологдсоноос 537.671 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй. Эдгээр тээврийн хэрэгсэл автомашины дугаараа, шинээр хийлгэх, лацдуулах, гэрчилгээ солиулах зэргээр нэлээд их мөнгө төсвөөс зарцуулагдах нь тодорхой гэж харагдана. Өөрөөр хэлбэл, нэг машины дугаарыг солиход нэг иргэнээс 60 мянган төгрөг гэхээр нэг сая гаруй машинаас нийтдээ 60 тэрбум төгрөг босч, автомашины дугаарыг өөрчлөх нэрээр мөнгө “идэх” нь гэсэн хардлага тооцоог иргэд цахим орчинд түгээж байна. Үүний дагуу бид холбогдох албаныхнаас тодруулж үнэн бодит мэдээллийг хүргэхийг зорилоо. Хамгийн түрүүнд ЗТХЯ-наас автомашины улсын дугаарыг ирэх долдугаар сараас солих нь үнэн эсэх, нэг машины дугаарыг 60 мянган төгрөгөөр солих эсэх нь бодит эсэхийг тодруулсан юм.

 

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тодруулахад, “Долдугаар сарын 01-нээс сольж эхэлнэ гэдэг ор үндэслэлгүй худлаа мэдээлэл. Долдугаар сарын 01 гэдэг хугацаа өнгөрсөн жилийн бичлэгээс үүдэлтэйгээр тархаж, тэгж ойлгогдоод байх шиг байна. Яг автомашины улсын дугаарыг солих асуудлаар маргааш /өнөөдөр/ ЗТХЯ-ны сайдтай ярилцаж тодорхой нэг шийдэлд хүрнэ. Энэ үеэр энэхүү ажлыг хэзээ хэрхэн эхлэх вэ гэдэг нэгдсэн мэдээлэл гарч тодорхой болох байх. Одоохондоо холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй. Хэрхэн яаж зохион байгуулбал, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байх вэ зэрэг нарийн зүйлийг хэлж өгөөгүй. Ойрын хэдэн сар дугаар солино гэсэн зүйл ч яригдаагүй байгаа. Яригдаж эхлээд тодорхой болбол иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр мөнгө төгрөг авахгүйгээр зохион байгуулна. Өөрөөр хэлбэл иргэдийн халааснаас нэг ч төгрөг авахгүй. Нэг машины дугаар авахад 60 мянган төгрөг авна гэдэг ташаа мэдээлэл. Энэ тухай удахгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудад нэгдсэн мэдээллийг өгнө” гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

Мөн Автотээврийн үндэсний төвтэй холбогдоход, “Автомашины улсын дугаар солих асуудал аль хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоогоос хэдэн жилийн өмнөх мэдээллийг авч тавиад, худлаа мэдээллээр нийгмийн хөөсрүүлээд байна. Ойрын хугацаанд солино гэсэн мэдээлэл байхгүй. ЗТХЯ-наас ямар нэгэн чиглэл гаргаагүй байгаа” гэсэн юм.

 

-ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР
ГУРВАН ТОО ГУРВАН ҮСЭГТЭЙ БАЙДАГ-

Автомашины улсын дугаар дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол гурван үсэг, гурван тоо байхаар өөрчлөх тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай хэмжээнд цацагдсан байдаг. Тэрхүү мэдээллүүдэд, “Монгол Улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг ганцхан оросууд л мэддэг. ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ” гэж байв.

Олон улсын стандартаар бол автомашины улсын дугаар нь гурван тоо гурван үсэг, дөрвөн тоо гурван үсэг хэрэглэдэг. Өндөр хөгжилтэй Европын холбооны улс, АНУ, ОХУ зэрэг оронд гурван тоо гурван үсэг хэрэглэж байна. Сүүлийн үед улсын дугаарыг хуурамчаар үйлдвэрлэх, дугааргүй машинд сольж зүүх асуудал ихээр гарах болжээ. Үүний цэгцлэх аргыг мөн л машины дугаар солих шаардлагатай уялдуулж байгаа гэсэн тайлбарыг албаныхан онцолж буй.

ЭХ СУРВАЛЖ:medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549