ШИЙДЭЛ: Зайсан толгойд 20 метр өндөр, агаар сорох яндан байрлуулснаар утааг бууруулах боломжтой

access_time 2019-02-22
remove_red_eye 186

Баруун гар талаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ж.Дугаржав, Эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ, ШУТИС-ийн доктор, дэд профессор Д.Басандорж.

“Төр засгийн оновчгүй бодлогоос гадна иргэд мөн хариуцлага хүлээх ёстой. Аль ч улсад агаар, ус, хөрс бохирдуулж байгаа бол төлбөр төлдөг. Яагаад утаа үйлдвэрлэж, гэр хороололд амьдарчихаад төрөөс юм хийж өгөхийг хүлээх ёстой гэж. Эдийн засгийн хөшүүрэг ашиглан хариуцлага хүлээх механизм байх ёстой” хэмээн ШУТИС-ийн доктор, дэд профессор Д.Басандорж өнөөдөр болсон “Утааг бизнес болгох боломж бий юу” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Агаарын бохирдлыг байгальд ээлтэй эко аргаар шийдэх инновацийн төслүүдийг 2014-2016 онд Засгийн газар захиалснаар ШУТИС болон ШУА-ийн эрдэмтэд олон төсөл санаачилж, 3-4-ийг нь Оюуны өмчийн газраар баталгаажуулсан байдгийн нэг нь Д.Басандоржийн патентыг нь эзэмшдэг цахилгаан хялгасан тень аж. Балт чулуу ашиглан хийсэн уг тень 1 кВт цахилгаанаар дулаан алдагдалгүй 30 ам.метр талбайг халаадаг байна. Уг нь ийм хэмжээний цахилгаанаар 10 ам.метр талбайг халаадаг бол цахилгаанд хэмнэлттэй, аюулгүй, орчны агаараа мэдэрдэг, бүрэн автомат уг цахилгаан халаагуурыг бүтээжээ. Төрийн бодлого тогтворгүй байсан ч үр дүнг нь мэдсэн хүмүүсийн ам дамжин өнгөрсөн дөрвөн жилд олонд хүргэсэн байна.

Д.Басандорж: Айлуудаас илүүтэй сургуулиудын уурын зуух, дугуй засварын газрууд утаа их ялгаруулдаг болж таарсан

Тэрбээр мөн Байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн гишүүн бөгөөд өнгөрсөн жил гэр хорооллын айлуудаар явж судалгаа хийжээ. Хар утаа гарч буй айлуудыг сонгон очиж, судалгаа авахад гутал, хог шатаах айл маш цөөхөн таарсан гэв. “Хүмүүс гал голомтоо бодоод улстөрчдийн яриад байгаа шиг хог, гутал хувцас түлдэггүй, галдаа муухай зүйл хийдэггүй. Харин явж явж айлуудаас илүүтэй сургуулиудын уурын зуух, дугуй засварын газрууд утаа их ялгаруулдаг болж таарсан. Зуун хорин хүүхдийн цэцэрлэг, 180 хүүндийн сургууль бүхий 30 орчим цогцолборыг шинээр барьсан хэрнээ уурын зуухаар халдаг байдлаар шийдчихсэн” гэлээ.

ШУТИС-ийн эрдэмтэд уурын зуухыг ажиллуулдаг нэг ахлах, дөрвөн слесарийн жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр уг цогцолборын халаалтыг цахилгаанаар шийдэх технологийг санаачилсан ч бодит байдал ийм байгааг ярилаа.

Ж.Дугаржав: Ядаж галаа зөв түлж сурах нь маш чухал

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ж.Дугаржав шахмал түлшний чиглэлээр 20 жил ажилласан хүн. Тэрбээр Тавантолгойн шахмал түлшний талаар “Сайн түлш гарна гэж найдаж байна. Гол нь иргэд ядаж галаа зөв түлж сурах хэрэгтэй байна. Нүүрсийг зөв түлбэл хорт утааг бууруулж болно. Жишээ нь, маш хурдан хугацаанд асаахгүй бол утаа их гарна. Хурдан асаавал хорт хийг 30-40 хувь бууруулж болно. Мөн галаа дээрээс нь асаавал хорт утаа бага ялгарна. Яагаад гэвэл доор байгаагүй асаагүй нүүрснээс ялгарах хорт нэгдлүүд дэгдэх явцдаа бүрэн шатах боломжтой” гэлээ.
Бас нэг шийдэл нь БНХАУ-ын зарчмаар Улаанбаатар хотод, тодруулбал Зайсан толгойд 20 метр өндөр, агаар сорох яндан байрлуулснаар утааг бууруулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь өвөл агаарын босоо урсгал үндсэндээ царцаж, эргэлтгүй болох буюу хөрснөөс дээш 50 метрт инверс үүссэнээс болж утаа замхрахгүй хуралдаж, Улаанбаатарыг бүрхдэг гэдгийг тайлбарлав.

Харин нийслэлийн хамгийн өндөр цэг болох Зайсанд энэ шийдлийг ашигласнаар агаарын босоо урсгалыг нэмэгдүүлэх замаар тогтсон утааг замхруулах боломжтой гэж үзэж байна.

Б.Хаш-Эрдэнэ: Улаанбаатарын утааг “худалдаж авах” дэлхийгээр дүүрэн мөнгө байна

Төсвийн мөнгөөр, Засгийн газар төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд утааг бууруулж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Үнэхээр утаагаа шийдэхийг хүсэж байгаа бол төр засаг бодлого, дэмжлэгээ тодорхой болгоод хувийн хэвшлүүдийг идэвхтэй оролцуулах нь үр дүнтэй гэдгийг Эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ онцоллоо. Ялангуяа, Парисын гэрээний хүрээнд өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг бууруулах хүрээнд хөгжиж буй орнуудын байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдсэн. Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан жижиг компаниуд хүртэл байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж болж байгааг тэрбээр хэлээд “Улаанбаатарын утааг “худалдаж авах” дэлхийгээр дүүрэн мөнгө байна. Японд хүртэл утаагаа “зарах” боломж байна. Гэвч энэ мэдээлэлтэй хамгийн ойр байгаа яам ажиллахгүй байна. Тиймээс төр, бизнес, эрдэмтдийг холбосон тогтолцоо хэрэгтэй” гэлээ.

Эцэст нь, урин дулаан болж байна гээд утаагаа мартаж болохгүй нь. Улаанбаатарыг бүрхсэн утаа замхраагүй байгаа гэдгийг оролцогчид сануулав.

эх сурвалж:ikon.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549