Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ

access_time 2018-09-21
remove_red_eye 551

 

Есдүгээр сарын 16-нд Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал болжээ. Тус хурлаар Намын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, аймгийн намын хорооны шинэ даргаараа Барилга, хот байгуулалт (БХБ)-ын дэд сайд Ш.Лхамсүрэнг олонхийн саналаар сонгосон аж.

Тус намын хорооны даргад Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, МАН-ын хорооны дарга З.Энхтөр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нар нэр дэвшсэн байна. Нэр дэвшигч З.Энхтөр өөрийн саналаар нэрээ татаж, үлдсэн хоёр нь өрсөлдөн, Ш.Лхамсүрэн нийт төлөөлөгчдийн 82,5 хувийн саналаар МАН-ын Хорооны даргаар сонгогджээ. Мөн тус намын хорооны Дэд даргаар С.Цэрэндондов сонгогдож, 17 тэргүүлэгч гишүүнийг шинэчлэн баталсан байна.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга асан З.Энхтөр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа төлөөлөгчдөд танилцуулж, шинээр бүрдсэн баг хамт олонд намынхаа бодлого шийдвэрийг төрийн бүх шатанд хэрэгжүүлж, нэр хүндээ өндөрт өргөж явахыг захижээ.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумын төлөөлөгч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалж энэ хэргийн талаар мэдээлэхдээ “Намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн ч Ш.Лхамсүрэн будлиан хутгасан. Ш.Лхамсүрэн хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Ж.Б амиа алдсан” хэмээв.

Орон нутгийн өөр нэг эх сурвалж “Намын хуралд бэлдээд, олон хоног нойргүй явсан хүн гэнэт их хэмжээний архи уугаад, зүрх нь хаагдаж нас барсан” гэж дуулснаа мэдээлсэн юм.

Бид болсон хэрэг явдлын талаар БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнтэй холбогдож, тайлбар авахыг оролдсон ч тэрбээр ямар нэгэн хариу өгсөнгүй.

Төгсгөлд өгүүлэхэд, хөдөө орон нутагт гэлтгүй Сүхбаатар аймгийн МАН-ынхан дотроо хөлөө жийлцэж, бүр 32, 33-ын бүлэг болон талцдаг нь даамжирсаар байгаа ажээ.

Эх сурвалж: Medee.mn 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549