СУДАЛГАА: Агаарын бохирдлын жижиг тоосонцрууд жирэмсэн ээжүүдийн ихэсээс илэрчээ

access_time 2018-09-21
remove_red_eye 87

 

Агаарын бохирдлоос үүссэн жижиг тоос, тоосонцрууд нь жирэмсэн эхийн уушгиар дамжин хэвлий дэх ихэст хүртэл хүрч очдогийг Их Британийн эрдэмтэд нотлоод байна.

Бид өмнө нь агаарын бохирдол хүний оюуны чадамжийг ихээр бууруулдгийг нотолсон судалгааны талаар мэдээлж байсан билээ. Үүнтэй холбогдуулан агаарын бохирдолтой холбоотой нэгэн шинэ судалгааг хүргэж байна.

Парис хотноо болж өнгөрсөн “Олон улсын амьсгалын замын өвчлөл”-ийн олон улсын хурлаар Лондон хотноо амьдардаг таван эмэгтэйг оролцуулсан судалгааг танилцуулсан юм.

Судалгааг удирдсан Доктор Норрис Лиугийн хэлж буйгаар “Эдгээр гарч ирсэн агаарын тоосонцор, ширхгүүд нь ураг руу орж чадах, эсэхийг бид хараахан нотлоогүй байна. Гэхдээ бидний гаргаж ирсэн судалгааны үр дүнг харахад агаарын бохирдол нь урагт хангалттай аюул учруулж байгааг илтгэсэн нотолгоо юм” гэжээ.
Судалгаанд хамрагдсан таван жирэмсэн эх бүгд Лондон хотод амьдардаг, огт тамхи татдаггүй, эрүүл хүмүүс ч төрөх үедээ бүгд кесар аргаар төрөхөөр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эдгээр эмэгтэйг жирэмсэн байх үед нь судлаачид байнгын шинжилгээнд хамруулж байсан ба ихсээс ураг руу холбогдох хэсэгт нарийвчилсан шинжилгээг явуулжээ.

Хүний ихэс нь хэвлий дэх ургаа тэжээж, бойжуулах чухал эрхтэн бөгөөд хүчилтөрөгч, шим тэжээлийг урагт зөөвөрлөн өгч, хэрэггүй болсон эд, эсийг нь буцаан гаргах үүрэгтэй байдаг аж.

Судалгааны явцад ихэсийн макрофагт ч мөн нарийн шинжилгээ хийжээ. “Макрофаг” гэдэг нь бидний дархлааны тогтолцооны хамгийн том эсийг хэлдэг байна.
Тэд таван ихэсээс 3,500 гаруй макрофаг эсэд нарийн шинжилгээ хийсний үр дүнд эдгээр эсийн 60 гаруйд нь 72 хар толбо бүхий хэсгийг олсон нь нүүрсний жижиг тоосонцор, ширхэглэг болохыг тогтоожээ.

Өмнө нь бидний амьсгалж буй агаарын бохирдлоос үүссэн жижиг тоос, тоосонцор нь хүний уушгиар дамжин биед орсноор хэр хол явдаг тухай мэдээлэл эргэлзээтэй байсан бол тус судалгааны үр дүн тэрхүү эргэлзээг ийнхүү үгүй хийгээд байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард НҮБ-ийн Хүүхдийн Сангаас гаргасан тайланд дурдсанаар дэлхий даяар нэгээс доош насны 17 сая гаруй хүүхэд агаарын бохирдлын харанган доор амьдарч байна. Эдгээр хүүхдийн дийлэнх нь Өмнөд Судан болон Азийн бүс нутагт байгаа юм. Мөн олон улс дахь агаарын бохирдол нь байх ёстой хэмжээнээсээ дунджаар зургаа дахин давчихаад буйг анхааруулжээ.

Эх сурвалж: CNN.com

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549