БАРИЛГЫН САЙД Х.БАДЕЛХАНЫ БАНТАН

access_time 2018-09-21
remove_red_eye 393

 

Казак түмний төлөөлөл төр түшилцэж явсан түүхэнд улсын бага ба Ардын депутатуудын хурлын Тэргүүлэгч гишүүнээр казах эмэгтэй А.Жамилаагаас эхлэн Ч.Ногое, М.Хашгамбай /нарийн бичгийн дарга/ М.Мусахам нар удаа дараалан сонгогдож казах түмэнд бахархал төрүүлж байлаа. Мөн ардчиллын анхны жилүүдэд Сайд нарын зөвлөлийн орлогчоор К.Зардыхан барилга ба тээврийн яамны сайдаар О.Телейхан, Р.Сандалхан нар ажиллаж албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Харин Д.Мурат гишүүнээс эхлээд жаахан олиггүй нэр зүүж эхэлснийг эс тооцвол бас ч шударга журамтай гэгдэх хүн цөөнгүй..

Барилгын салбарт бурхан шиг шүтэгдэж явсан О.Телехан гэж сайд байлаа. Алдар гавъяаг нь бахархан мөнхжүүлж Барилгын политехникийн коллежийг хүртэл түүний нэрэмжит болгосон. Харин Баян-Өлгийгөөс угшилтай барилгын сайдын нэр өндөрт явсан түүхийг өнөөдрийн сайд Х.Баделхан харин хэрхэн үргэлжлүүлж байгааг харцгаая. Улс орны эдийн засаг сэргэж элгээрээ мөлхөөд байсан барилгын салбарынхны нүдэнд илтгэл найдварын оч гялалзаж, арай гэж хэвтрээсээ өндийх нь үү гэтэл салбарын бодлого гэж ёстой жонхуу болов.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ гэж тушаал гаргаж хувийн хэвшлийнхний төлөөллөөс бүрдсэн хэдэн холбоодод БЭЛЭГЛЭВ. Аль ч төрийн үед, аль ч салбарт хэл ам дагуулдаг гол сэдэв бол ажил үйлчилгээ эрхлэх ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ олгох асуудал байдаг. Гэтэл барилгын салбарын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрхэм сайд гуай Монголын Барилгын Үндэсний ассоциаци гэдэг төрийн бус байгууллагад бэлэглээд өгчихсөн.

Ассоциаци нь Барилга, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу 150 гаруй гишүүн компанитай. Мэдээж гол зорилго нь Гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хамгаалж төлөөлөх явдал.

Хамгийн сонирхолтой нь гишүүддээ болон нийгэмд үйлчилнэ гэсэн энэ төрийн бус байгууллага одоо Барилгын салбарын тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Энэ нь өөрөө өөрсдөдөө тусгай зөвшөөрөл олгох сунгах ажлыг хийж байгаа гэсэн үг юм. Төрөөс тавих хяналт ч байхгүй ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаагийн бодит жишээ. Өөрсдөдөө ч олгодог юм байж дүүрч гэхэд өөрийн биш компаниудад харин ч нэг хүнийрхүү хандаж байгаа сурагтай. Тусгай зөвшөөрлийн наймаа газар авч 5 сая 10 сая гэх мэтчилэн бүхэл тоогоор үнэлэгдсэн ханш тогтож бор зүрхээрээ хөөцөлдөөд материалаа мянга сайн бүрдүүлээд нэмэргүй болсон гэнэ.

“Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдгээр Ассоциацийнхан өөрсдөө ч бяр сууж, арыг нь дааж яваа сайдынхаа ачийг нь хариулахаа ч мартаагүй нь лавтай…”

Түүний арилжаа наймаа, бэлэг сэлт шиг өгөө аваатайгаар хутгасан бас нэг бантан нь салбарын сургалтын асуудал…”

Монголын барилгын салбар 9 гаруй жилийн түүхтэй, 90 гаруй мянган инженер техникийн ажилтантай ууган салбар. Энэ салбарт инженер техникийн ажилтнуудаа, сургах, мэргэшүүлэх, чадавхжуулах ажил тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Гэтэл өнгөрөгч 2017 оны сүүлээр буюу Монголчуудыг шинэ жил гэж хөөрцөглөж явсан цаг дор салбарын инженер техникийн ажилтнуудад мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг Барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатарт өгчээ. Нурж унах шахсан “урт цагаан”-д байрладаг Барилгачдын нэгдсэн холбоо гэх асар том нэртэй, энэ байгууллага нь Ерөнхийлөгч, тэргүүн, санхүүгийн албаны дарга, сургалтын албаны дарга гэх 4 хүнтэй гэх.

Баделхан сайд, Батбаатар ерөнхийлөгч хоёрын түншлэл барилгын салбарын ажлыг алж байна уу, аварч байна уу гэдэг эргэлзээтэй.

Учир нь эрх шилжүүлэн авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөх гэж байхад сургалтын үйл ажиллагаа таг зогссон байдалтай байна. Мэргэшсэн зэргээ аваагүй, сунгуулж чадаагүй инженерүүд зэргийн нэмэгдэл таван төгрөгөө ч авч чадахгүй байдалтай.

Аж ахуйн нэгжүүд нь тусгай зөвшөөрөл шинээр авах сунгах гэхээр Мэргэшсэн инженертэй байх шаардлагын дагуу дутагдаж гачигдах байдал үүсээд сургалт хэзээ хаана хэрхэн зохион байгуулагдах талаар тодорхой мэдээлэлгүй салбараараа чих тавин хүлээж сууна.

Хамгийн сонирхолтой нь өчигдөрхөн БХБЯ дээр Барилгачдын нэгдсэн холбоо сургалтын эрх шилжүүлэн авснаас хойших ажлынхаа дунд хугацааны тайлангаа тавьжээ. Хийсэн ажилгүй байгууллага тайлангаа тавьж, тэрийг нь мэдсээр байж цаг зав гарган сонсож суугаа сайдын байдлыг үзвээс аргагүй л сайн түншлэгчид ажээ.

Болохгүй бүтэхгүй байгааг засаж залруулна гэснээс биш зүгээр байсан бүхнийг буруу тийш нь залаад, салбарынхаа ажил үйлчилгээг бэлэг сэлт, өмч хуваарилж байгаа мэт тал тал тийш нь тараагаад өгчихнө гэж хэн санах билээ.

Уг нь шинэ засаг байгуулагдахад өнөөдрийн улс төрийн гол тоглогчдын нэгээр орж ирэхдээ нэр цэвэр байхыг хичээв үү гэмээр он удаан жил оршин тогтносон, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан компанийнхаа тусгай зөвшөөрлийг хүртэл цуцлуулан байж сайдын сэнтийд заларсан эрхэм гишүүн барилгын салбарыг толгойлсноосоо хойш Баян-Өлгийг чиглэсэн ажлууд дээр л ихээхэн сэтгэл зүтгэл гаргаснаас биш Барилгын салбарынханд ийм хүнийрхүү хандаж, мянга мянган инженерүүдийн аяга хоолноос нь хороож, хэсэг бүлэглэлийн ашиг сонирхлыг биелүүлж, салбарынхаа хөгжилд чөдөр тушаа болж байгаа нь дэндүү харамсалтай.

Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч өчүүхэн боловч ахиц дэвшлийг горьдож суугаа ард түмнийхээ төлөө, салбарынхаа төлөө зүтгэх цаг бага, зам богино үлдсэн үед гаргасан шийдвэрээ эргэн харж, хутгасан бантангаа цэвэрлэх ухамсар Х.Баделхан сайдад бий болов уу?

Барилгын сургуулийг нэрлүүлэх хэмжээнд О.Телехан шиг гавъяа байгуулдаггүй юм аа гэхэд барилгачдын харууслыг төрүүлэх балаг бүү тариач!!!

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549