ЦОО ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭКСПОРТЛОХООР БОЛЛОО

access_time 2019-02-12
remove_red_eye 457

 

Хонины ноосноос био бордоо үйлдвэрлэж, 2022 он хүртэл ХБНГУ руу экспортлох гэрээ хийсэн “Монпеллетс” компанийн экспортыг энэ дугаарт онцлож байна.

Тус компани монгол хонины ноосоор органик био бордоо үйлдвэрлэж Европын холбооны “Эко фарм” шалгуурыг давж ийнхүү экспортлохоор болж байна. Ноос бол нөхөн сэргээгддэг түүхий эдийн том нөөц. Малчдаас угаагаагүй бутарсан, хаягдсан ноосыг нь аваад үйлдвэрийн технологи, Германы ноу хаугаар шахмал үрлэн бордоо үйлдвэрлэдэг ажээ.

ХОНИНЫ НООСНООС БИО БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛСОН ТҮҮХ

Монпеллетс компани 2014 онд байгуулагдсан бөгөөд энэ оны 9 дүгээр сард “Хонины ноосон биобордооны үйлдвэр”-ийг барьж бүрэн ашиглалтанд оруулаад байна. Энэхүү үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн, хамгийн эрүүл био бордоог ХБНГУ-ын ноу-хоугаар, 100 хувь хонины ноосоор үйлдвэрлэдэг юм.

Ихэнх органик бордоог мал, амьтаны гаралтай ялгадас, хаягдал, хатуу эд анги, эвэр мөн загас, шувууны аж ахуйн хаягдлаас үйлдвэрлэсээр ирсэн. Хэдийгээр органик нэртэй ч сул талууд ихтэй байв. Тиймээс шинэ төрлийн био бордоо гаргаж авах эрэл хайгуул хийгдэж ХБНГУ-тай хамтарсан олон жилийн туршилт судалгааны үр дүнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Германы туршилтын жижиг үйлдвэрт туршилт хийхэд Монпеллетс хамтран ажилласан байна. Монгол хонины түүхий ноосонд малын гаралтай өвчний нян их байдаг учир түүхийгээр нь экспортод гаргах ямарч боломж байхгүй. Харин боловсруулан био бордоо үйлдвэрлэхэд маш сайн чанартай гарсан тул Германы тал бүтээгдэхүүнийг шууд “Premium Quality“ буюу “Дээд зэрэг” ангилалд оруулжээ. Ингээд үйлдвэр барьж байгуулах шийдвэр гарчээ.

Ийнхүү хонины ноосоор био бордоо үйлдвэрлэдэг хоёр дахь үйлдвэр нь Монголд байгуулагдсан түүхтэй. Хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх анхны үйлдвэр ХБНГУ-д хоёр дахь нь манай Монгол Улсад баригдсан байна. Сүүлийн жилүүдэд төр, засгаас шинэ бүтээгдэхүүн экспортод гаргавал дэмжинэ гэж их ярьж байгаа. Монпеллетс ч энэ чиглэлд эрэл хайгуул хийж, эх орны хөгжилд бага боловч хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Тус компани тун удахгүй ХБНГУ-д анхныхаа бүтээгдэхүүнийг экспортлоно. Цаашид сар, жилээр улам нэмэгдүүлнэ. Үйлдвэр жилд 2000 тонн түүхий ноос худалдан авна. Ноосыг чанар, зэрэг, урт, богино, өнгөөр ангилах шаардлага байхгүй. Цагаан, хар, өнгийн, холимог, уртын, богины, бутархай гээд бүх төрлийн ноосыг ашиглана. Ахарын, богинохон ноос байвал бүүр сайн. Манайд, намрын улиралд, нэлээд их хэмжээгээр бэлтгэж байсан ахарын ноосны эрэлт хэрэгцээ бараг байхгүй болж хонио дахин хяргадаг заншил бараг алдагдсан байна. Одоо тэгвэл ахарын ноосыг Монпеллетс худалдаж авахаар болжээ.

Ийнхүү малчид нэмүү орлого олох бодит боломж нээгдэж байна. Харин төмөр, төмөр утас, чулуу, элс, хог, шороо зэрэг хатуу, хатуулаг зүйлс мөн боодлын утас, нийлэг материал, будаг ороогүй байх шаардлага тавих аж. Тус бүтээгдэхүүн ХБНГУ-ын “Эко фермер”-ийн аж ахуйд хэрэглэх бордооны жагсаалтанд оруулахад тавьдаг маш хатуу шаардлага, нөхцлийг бүрэн биелүүлж чадсан. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд малын гаралтай ямарч өвчний нян илрээгүй, найдвартай бүтээгдэхүүн болох нь батлагджээ.

ЭРҮҮЛ БИО БОРДОО-АРВИН УРГАЦ, ЭРҮҮЛ ХҮНС

Ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин гэж бид их ярьдаг. Тэгвэл ард түмнээ эрүүл байлгахын тулд юу чухал вэ. Эрүүл хүнсний үндэс нь эрүүл хөрс, бордоо. Эх орны хөрсөнд ургуулсан ногоо, жимс гэж их сурталчилдаг боллоо. Гэтэл манайх шиг байгаль, цаг уурын хүнд нөхцөлд хэрхэн арвин ургац авах вэ. Эх орныхоо эрүүл хөрсөнд ургуулсан байлаа ч химийн бордоо ихээр цацсан ногоо, жимс эрүүлд тооцогдох уу. Манайх шиг цөөхөн хүн амтай, байгалийн хүнд нөхцөлтэй оронд үйлдвэрлэж эхлээд байгаа био бордооны ач холбогдол нь тодроод ирэх учиртай. Үйлдвэр ашиглалтанд ороод удаагүй тул хэрэглэгчдэд төдийлөн мэдээлэл хүрээгүй байна. Монпеллетсийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын Хөгжлийн банк анхнаас нь сайн дэмжжээ. Нэг үеэ бодвол шинээр байгуулагдаж байгаа компани, аж ахуйн байгууллагууд төр, засгаас мөнгөн дэмжлэг хүсэхээ багассан. Харин аливаа шинэ аж ахуйг хөл дээр нь найдвартай зогсооход бодлогоор сайн дэмжиж ажиллах нь чухал юм. Аливаа төр засгийн боловсруулан бодлого бодит амьдрал дээр хэрэгжиж байх ёстой. Харамсалтай нь манайд экспортыг дэмжих тууштай бодлого алга. Нөхцөл, заалтыг нь ойр ойрхон өөрчлөх юм.

АЛСЫН ХАРААТАЙ БОДЛОГО, ДЭМЖЛЭГ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Монпеллетсын хувьд гэвэл түүхий эд, ноосны хангамж хамгийн эхний асуудал. Анх төсөл боловсруулан хэрэгжүүлж эхлэхэд олон төрлийн нарийн судалгаа хийгджээ. З0 сая хоньтой, жилдээ 27 мянган тонн түүхий ноос бэлтгэдэг, жил болгон нөхөн сэргээгддэг түүхий эд гэдгээрээ суурь үндэслэл сайтай байж. Гэтэл эхнээсээ бэрхшээл гарч эхлэв.

Малын гаралтай түүхий эд, ялангуяа жил бүр багагүй хэмжээгээр бэлтгэж байгаа хонины ноосыг эх орондоо бүрэн боловсруулна гээд ноос угаах үйлдвэрийг ихээр нэмээд байвал тийм алсын хараатай бодлогод тооцогдох уу. Нэг тонн угаасан ноосон үйлдвэрлэхэд бараг хоёр тонн түүхий ноос хэрэглэнэ.

Мөн маш их хэмжээний ус, химийн бодис, угаалгын нунтаг, эрчим хүч зарцуулахаас гадна бохир ус, ялгадас хогийг хэрхэх вэ. Алсын хараатай бодлого боловсруулна гэвэл манай төсөл маш чухал байр суурь эзлэх ёстой юм. Гэтэл био бордооны үйлдвэрт ноосыг угаах шаардлага огт байхгүй, ус хэрэглэхгүй, хаягдал багатай гээд давуу талууд их байгаа. Бодлогоор багахан дэмжихэд цаашдаа зах зээлийнхээ эрэлт хэрэгцээгээр зохицуулагдаад явна.

Дэлхийн зах зээлийн ноосны үнэ ганц хоёрхон жилийн дотор 3-4 дахин өссөн. Манайд харин төдийлөн нэмэгдээгүй.

“Ченж” гэх баялаг бүтээдэггүй, зөвхөн нэг цэгээс нөгөө цэгийн дамлан худалдаалагчдын хөөсөрсөн дамжлагыг бодлогоор багасгах цаг нь болжээ. Малчдын бэлтгэн нийлүүлсэн ноосонд урамшуулал олгодог нь зөв алхам ч олигтой үр дүн гарахгүй байна. Хэрэв үндэсний үйлдвэрлэлээ түүхий эдээр найдвартай хангах эцсийн зорилго байвал зохион байгуулалт, хяналтыг нь өөрчлөх хэрэгтэй. Эх орны үйлдвэрүүдэд, тэр дотроо маш тодорхой үйлдвэрүүдийг сонгон, илүү оновчтой, аль аль талдаа үр өгөөж нь гарах тийм бодлого явуулах нь чухал байна.

Монпеллетсийн био бордоо дэлхийд танигдах болтугай.

 

Эх сурвалж: Бизнес ба Хөгжил сэтгүүл 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549