Дэлхийн хамгийн том аюул Цаг уурын өөрчлөлт, дараа нь Исламын улс, Кибер халдлага…

access_time 2019-02-12
remove_red_eye 230

АНУ-ын Вашингтонд төвтэй Pew Research Center судалгааны байгууллага дэлхийн 26 орны иргэдийн дунд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том аюул заналыг тодруулах санал асуулга зохион байгуулжээ.

Ингэхэд 13 орны иргэд дэлхийн хамгийн том аюул нь цаг уурын өөрчлөлт гэж хариулсан байна.

Үүний дараа Орос, Франц, Индонез, Нигери зэрэг найман орны иргэд хамгийн том аюулыг Исламын улс террорист байгууллага гэж хариулжээ. Харин Япон, АНУ тэргүүтэй дөрвөн орны иргэд нэгдүгээр зэргийн аюул заналыг кибер халдлага гэж дүгнэсэн байна.

Ганцхан Польш улсын иргэд Оросын хүч нөлөө нэмэгдэх нь хамгийн том аюул гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна энэ удаагийн судалгаагаар АНУ-ын дэлхий дахинд үзүүлэх нөлөөлөлд том өөрчлөлт гарсныг харуулжээ. Нийтдээ 10 орны судалгаанд оролцсон иргэдийн талаас дээш хувь нь АНУ-ыг өөрийнх нь улс үндэстний хамгийн том аюул гэж дүгнэсэн байна.

Тухайлбал Мексикийн иргэдийн 64 хувь Америкийн нөлөөнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн нь Дональд Трампын засаг захиргааны бодлоготой холбоотой гэдэг нь илэрхий юм. Уламжлалт холбоотнууд болох Герман, Францын иргэдийн 49 хувь нь Вашингтоны эрх баригчдыг улс оронд нь аюул учруулж байна гэж хариулсан байна.

2013 онд Барак Обамагийн засаг захиргааны үед уг судалгаанд оролцсон нийт 22 орны дөрөвний нэг орчим нь л Америкийн аюул заналаас хамгийн их айж байгаагаа илэрхийлж байжээ.

Судалгаанд оролцогчдын цөөнх нь Умард Солонгосын цөмийн зэвсэг, Хятадын нөлөө, дэлхийн эдийн засгийн хямралаас болгоомжилж байгаагаа илэрхийлсэн ч тэргүүлэх зэргийн аюулд тооцоогүй байна.

Эх сурвалж: Pew Research Center

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549