Монголын говиос шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл олджээ

access_time 2019-02-11
remove_red_eye 93

Өмнөговь аймгийн Нэмэгт уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсныг PLoS One сэтгүүлд өчигдөр мэдээлжээ.

Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах шинэ төрөл зүйлийг “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн байна.

Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоожээ.

Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ. Энэ нь түүнийг ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр хооллодог гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл хагалж, буталж хэрэглэдэг хоол хүнс гол тэжээл нь байжээ.

Гобирапторын энэхүү өвөрмөц идэш тэжээлийн “стратеги” нь түүнийг бусад төрөл зүйлээсээ ялгарч, эволюцийн явцад шалгарч үлдэх боломжийг олгосон гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Нэмэгт уулнаас олдсон бүрэн биш араг ясыг шинжлээд уг олдвор нь залуу үлэг гүрвэлийнх байсныг тогтоожээ. Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг. Харин энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг гарцаагүй шинэ төрөл зүйл гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: Sci-News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549