О.Энх-Эрдэнэ анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна

access_time 2019-02-11
note Урлаг
remove_red_eye 83

 

Дэлхийн өнцөг булан бүрийн авьяастнууд оролцон, хүч сорьдог CBS телевизийн “The World’s Best” шоуны эхний шатны зураг авалт өнгөрөгч сарын 24-ний өдөр болж, энэ сарын гуравны өдөр дэлхий даяар цацагдсан юм.

Тус шоунд “Mongolia’s Got Talent” 2016 шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Монгол Улсыг төлөөлөн оролцож, Country төрлийн “Amarillo by Morning” хэмээх дууг дуулсан нь олон улсын шүүгч болон үзэгчдийн анхаарлыг ихэд татан, “Элвис Преслигийн хоолойтой монгол залуу” хэмээн олонд танигдаад байгаа билээ.

Тэрбээр эхний шалгаруулалтад гол гурван шүүгчээс 50, 48, 48 гэх дээд оноог авсан бол туслах 50 шүүгчдээс мөн өндөр үнэлгээ авснаар нийт 97 оноотойгоор дараагийн шатад шалгарчээ.

Түүнчлэн дуучин О.Энх-Эрдэнэ продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, анхны бие даасан цомгийн ажилдаа аль хэдийн орсон байна. Энэ сарын гуравны өдөр түүний “Wake Up with you” дууны клип олны хүртээл болоод байна.

Дашрамд дурдахад, Дэлхийн нийт 38 орноос цугларсан туслах 50 гаруй шүүгчдийн дунд “Mongolia’s Got Talent” шоуны шүүгч, реппер О.Баярсайхан буюу Rokit Bay ажиллаж байна. Олон орноос цугласан шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийд алдартай UFC тулаанч, дуучин, жүжигчин, загвар өмсөгч гэх мэт олон улсын урлаг, спортын салбарын төлөөллүүд багтжээ.

“Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болно. Одоогийн байдлаар хоёрдугаар шатанд дараах оролцогчид шалгарч үлдээд байгаа ба дуучин О.Энх-Эрдэнийн гол өрсөлдөгчөөр Казахстан улсын оролцогч Димаш Кудайбергеныг нэрлэж байгаа юм.

Kukkiwon – 99 оноо
TNT Boys – 99 оноо
Dimash Kudaibergen – 98
Enkh Erdene- 97
Dundu – 97
Naturally 7 – 95
Justin Flom – 95
Duo Suining – 91
Jordan McKnight – 91
Manami Ito – 86
Lydian Nadhaswaram – 85
Matt Johnson – 81
Sister Cristina Scuccia – 78
Дуучин О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч болсны дараагаар АНУ-ын Виржиниагийн Олон улсын Их сургуулиас магистрын зэрэгт суралцах урилга авснаар ийнхүү АНУ-ыг зорьжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549