Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б. Лхагвасүрэн таалал төгслөө

access_time 2019-02-05
remove_red_eye 265

 

Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б. Лхагвасүрэн таалал төгслөө.

Бавуугийн Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн.

1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгссөн. 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан яруу найрагч байсан билээ.

4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан олны түмний хайртай найрагч байсан юм. Түүний оновчтой мэргэн үг, орой руу оруулах хурц хэллэг бүрийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Олон түмний хайртай найрагч минь тэнгэрийн орондоо тайван нойрсдоо. Ум сайн амгалан болтугай.

Ижийг минь төрөх гээд ёолоход

Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч

Намайг төрөөд чарлахад

Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ

Намайг төрлөө гэж

Дэлхийн жин нэмэгдээгүй ч

Би яахын аргагуй нэмэгдэхүүн

Би газар, тэнгэрийн хүү

Дуртгал маргааш хоёрын хэлхээ

Дуу нулимс хоёрын голтриг

Хоёр туйлыг холбосон уртраг

Төрөх үхэхийн дундах бодгаль

Гэрэл сүүдрийн цогц

Өөрийгөө элээж

Өрөөлийг ирлэж дуусах

Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий

Би

Дороо эргэлдэх өдөр шөнө

Нарыг жилдээ нэг тойрох

Газрын хаан

Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг

Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт Би хасагдахуун… хэмээн шүлэглэдэг сод яруу найрагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн энэ өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байсан. Мөн 1992 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцаж байв.

Яруу найргийн анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа “Уянгын тойрог” нэртэй хэвлүүлжээ.

Түүнээс хойш “Цагаан тэнхлэг”, “Ангир уураг”, “Гашуун өвс” зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4,000 мөр шүлэг бүхий “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө”, “Бөртэ чоно”, “Алтан шонхор” жүжиг туурвиж, “Бүлээн нурам”, “Араатан” зэрэг кино, “Чи бидэн хоёр”, “Үүлэн цэнхэр хангай”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Эр хүнийг хайрлаж яваарай” зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ.

“Боржигоны бор тал” зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. Тэрээр “Болор цом” яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч билээ.

Түүний зарим уран бүтээлээс:

Боржигоны бор тал

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь

Эдлэн

“Үхэл бидэн хоёр
Эхийн тунамал дунд цуг үүссэн
Эсэнлэх тэр үүрээр цуг хашгирсан
Морины нуруунд
Хоёр талаас нь цуг ассан…
Айлд хоёулаа хамт бууж
Амрагийн уруулыг үхэл бид хоёр хувааж үнссэн
Зовлонгийн оромж миний толгой
Зоргоороо үхэлтэй дэр хувааж
Там диваажин хоёрын элч үхэл
Тал бие шиг минь хамт оршсон
Амьдын гал “аа” омгоороо
Үхлийг би дарладаг байсан
Алгуурхан тэр дотроос минь
Үгүй болоход минь дурладаг байсан
Би хэмээгч нэгэн бие
Бурхан чөтгөр хоёрын
Буйлж эзэгнэсэн эдлэн болсон
Намайг хүн болгож ургуулаад
Над дээр бас юм болгон тарьсан
Учрыг олохын дон над дээр ургасан
Ухаан ургасан
Урт амьдрахсан гэсэн тэнэг зөн ургасан
Үнэн сайхан ханийн өлмийд
Үхэж алдах хайр ургасан
Үрээ гэж санаа богшиж
Үйлээ эдлэх үүрэг ургасан
Хагацлын нулимстай жимс
Халуун сагсуу бодол ургасан
Хүнд байдаг юм болгоныг
Хүглийтэл над дээр тарьсан
Өөд болсны минь дараа
Өт мартахуй хоёр миний ургацыг хураана
Буруутай зөвтэй орчлонд би
Бурхан, чөтгөр хоёрын эдлэн явсны
Мөнх, мөнх бус хоёрын
Мөчөөрхөл тэгээд дуусна
Үхэл – миний хамгийн хуучин хагацал
Үхэл – миний ижийдээ очих томилолт … хэмээн шүлэглэж билээ…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549