Шороон гахай жил хур их, ургац арвин, иргэдийн амьдрал дээшилнэ

access_time 2019-01-31
remove_red_eye 1040

 

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 5-ны өдөр тохионо. XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн өнгийг шашны төвийн тэргүүн, зурхайчид ингэж үзэж байна.

Ж.Гончигсүрэн / Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба/:
Төрийн хууль чангарна

-Жил жилийн зурхайд тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодийг тооцон гаргадаг. Ирэх гахай жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, үхэр нь шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ зүүнтээ шарвасан байдлаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан, өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.Ерөнхий зурлагын хувьд, хур ус элбэг сайхан жил гарах ч улс орон хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарч мэднэ. Төрийн хууль чангарна. Ихэс дээдэс, өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух төлөвтэй байна.

Д.Цогтбаатар /Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч/ :
Ихэс дээдэст амгалан, энгийн иргэдэд халтай

-2019 оны жилийн хувьд ард иргэдийн амьдрал ахуй дээшилнэ. Газрын шим өгөөж дэлгэрнэ. Үр тариа арвин, хүнсний хангамж сайжирна. Гарч байгаа шинэ оныг шинждэг олон зурлага бий. Монголчууд “Шороон үхэр”-ийн зурлагыг голчилдог. Жилийн байцыг ажвал, өвгөд хөгшдөд сайн, залууст дунд, нялхаст муу. Их хүмүүн амгалан, ард иргэдийн амьдрал улам доройтох, хууль цааз чангарах, хулгай дээрэм элбэгших, зарим өвчин гарах магадлалтай. Хүн бүр эв эеэ сахих хэрэгтэй. Жилийн эхээр салхи, цасан шамаргатай. Гуу, суваг, тал, нам доор газар, жилийн сүүлчийн улиралд хяруу, цас элбэг. Зун, намар хур бороо, мөндөр, цас элбэг байна.

Ч.Эрдэнэбаатар /Очирваань дуганы тэргүүн, ловон лам/:
Эд баялаг арвижин дэлгэрнэ

-Монгол түмэндээ золгож буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Шороон гахай жилийн өнгө буюу ургасан жилийн үр зурхайд заасан анхаарвал зохих зарим жилтний тухай хэлье. Ургасан жил гэдэг нь гарч байгаа гахай жилийг хэлнэ. Могой жилтний хувьд их харш жил гарч байгаа тул сайтар анхаарах хэрэгтэй. Жанаг гагдог, Гурван гүрэм уншуулна. 13,25,37,49,61,73,85,97 насанд жил орох тул эрүүл мэндээ анхаарвал зохилтой. Лхамын ганшиг, дорж намжим, Нити зэрэг ном уншуулна. Энэ жил 10,19,28,37,46,55,64,73,82,91 настанд найман цагаан мэнгэ голлож байгаа тул барцад ихтэй. Ширнэн,Барчиднамсэл уншуулах хэрэгтэй. Жилийн онцлог нь эд баялаг арвижин дэлгэрэх сайн, эвдрэн тэмцэлдэхэд муу тул эв эеийг эрхэмлэн хичээх нь эрхэм дээд юм.

З.Санждорж /Бурхан шашинтны шинэ төв, Их хүрээ хийдийн тэргүүн, хамба лам/:
Төр цэгцэрч, хууль чангарна

-Жаран жил маань 60 өөр оноосон нэртэй. Морилон ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарч байна. Ёгт нэрд ямар нэг утга байхгүй. Бид зуун жилийн онцлогийг жил, жилээр нь гаргасан “Цаг тооны бичиг”-ийг гаргасан байгаа. 2012-2024 он хүртэл хэвлэгдэж гарна. Үүнийгээ баримтлан жилийн өнгийг зурдаг. Ирж буй гахай жил битүүний өдөр хаврын урь орно. Цагаан сарын тоолол барс сар эхэлдэг уламжлалтай. Дөрвөн их улирлыг дагаж 24 бага улирал гэж бий. Жилийн өнгийг монголчууд байгалиар шинждэг. Хаврын урь орох өдөр ямар өдөр тохиов гэдгээс тухайн жилийг голлож үзнэ. Хоёрдугаар сарын 4 буюу битүүн хар бич өдөр байгаа. Хар гэдэг нь усан махбодтой өдөр бөгөөд энэ жил зундаа хур бороо элбэг байна. Зун сайхан болж өвс ногоо ургац сайтай. Түүнийг дагаж мал таргалж, сүү цагаан идээ арвин, өвөлдөө зудгүй, хавар салхи шуурга бага байна. Өвгөд, настанд ээлтэй, залуу, идэр, дунд насныханд хатуу, хүүхэд, багачуулд харш жил юм. Могой жилтнүүд онцгой засалтай, туулай, хонь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй. Төр өөрчлөгдөн цэгцэрч, хууль цааз, дүрэм журам чангарна.

Д.Тайвансайхан /Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш лам/ :
Ном бүтээл арвижна

Шороон гахай жил ерөнхийдөө сайхан жил байна. хур бороо цагтаа бууж, үр тариа, хүнсний ногоо арвин. Хүмүүний амьдрал ашиг орлого сайжирна, өргөл өглөг элбэгшинэ. Төр засаг түмэн олноо тэтгэнэ. Бод мал ихээхэн өснө. Төр Хүүхдэд ширүүн, залуус, нялхаст ширүүвтэр, настангуудад ээлтэй. Салхи шуурганаас сэрэмжүүлштэй.Ном бүтээл арвижина. Бүх хүн мунхагийн харанхуйгаа арилган эвтэй найртай, энэрэл тэтгэлэгтэй сайн сайхан байцгаах болтугай.

Ж.Шинэндэнцэл /Жанчивдэгчинлин хийдийн хамба лам/:
Зарим хүнд дотоод энерги алдагдах тааруу жил гарч байна

-Бурханы шашин бол их таван ухаан, бага таван ухаан дээр суурилж 2500 гаруй жил хөгжиж ирсэн. Энэ дундаа одон орон судлал буюу зурхайн ухааныг монголчууд зан заншил, ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэсээр иржээ. Зурхайн ухаан бол байгалийн цаг уурыг урьдчилан шинжилж судлах ба хүн төрөлхтөн бидний дотоод эрчим болох орчин цагийн хэллэгээр энерги аура, уламжлалт хэллэгээр хийморь сүлд тухайн жилд харилцан адилгүй байдгийг тодорхойлдог ухаан юм. Жишээлбэл, бид бүгдийн төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаас шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Ирж буй шороон гахай жил нь зарим хүмүүст байгалийн эрчим буюу энергээр цэнэглэгдэж байдаг сайн жил байхад, зарим хүнд өөрийн эрхгүй дотоод энерги алдагдаж байдаг тааруу жил байдаг. Жишээ нь, мөчлөг, жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх гэх мэт хэллэгээр бид энэ жил анхаарал болгоомжтой байхыг сануулдаг учиртай байх юм.
Харин байгалийн энергийн хүчин зүйлд үл автахын тухайд дотроос нь номын буян хүчээр, хийморь сүлдийг тогтвортой байлгахын тулд, сар шинэ гарсны дараа засал ном буян үйлддэг нь монголчууд бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549