С.Цэрэндулам: Өдөрт бараг сая малын гэдэс дотрыг хаяж байна

access_time 2019-01-30
remove_red_eye 952

Улаанбаатар хотын орчимд, Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдээс гарсан малын гаралтай хог хаягдлыг тээвэрлэж, булж цэвэрлэдэг “Усан болор хангай” компанийн захирал С.Цэрэндуламтай уулзаж ярилцав.

-Монголчууд уг нь малаас хаях юм байхгүй гэдэг сэн. Гэтэл одоо хонины сүүл ч хог дээр хаягддаг болсон гэж үнэн үү?

-Одоо бүх юмыг нь хаядаг болсон. Мах экспортолдог компаниуд малыг нядлаад махаа боловсруулж, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн нь бүгд хаягддаг. Зарим өдөрт багаар бодоход сая мал нядалгаанд орж байгаа шүү дээ. Түүний дайвар бүтээгдэхүүнийг Дэнжийн 1000-ийн Хүчит шонхор захад аваачаад зарлаа гэхэд гүйлгээ байхгүй, бөөр зүрхийг нь л авна гэдэг. Бусад нь хаягдаж байна. Ноднин адууны шир үнэгүй болоод баахан хаягдсан. Энэ жилээс гайгүй хүмүүс үнэлж авдаг болсон. Ямааны арьс эрх биш үнэтэй юм, хонины арьсыг ч авдаг боллоо. Тэгээд толгой шийр, цувдай, өөх тос бүх юм, сүүл хүртэл хаягдаж байгаа. Савангийн үйлдвэрийнхэнд “Та нар малын дотор гэдэсний өөх аваад юм хийх үү” гэхэд “Манайх хонины сүүлээр савангаа хийж байна” гэж байна.
-Хоногийн хоолоо арайхийж залгуулдаг, хоосон хонодог айлууд ч байна гэдэг мөртлөө хүний биед сайн хүнсийг шууд хаяж байх юм. Үнэхээр авах хүн байхгүй гэж үү?
-Байхгүй байна аа. Хүмүүс зах дээрээс л юм авдаг. Улаанбаатарын зүүн талд, Эмээлтийн мал нядалгааны цэгээс гарч байгаа дайвар бүтээгдэхүүнийг авъя гээд ирэх хүн алга. Улсаас бодлого болгож дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех, үйлдвэр байгуулаад эмзэг бүлгийнхэнд хүргэдэг, маш хямд үнээр өгдөг болоосой. Түүнээс биш захаас мах авч идэх чадвартай хүмүүс өдөр бүр гэдэс авч идэх шаардлагагүй байх шиг байна л даа. Адуу, үхрийн зүрх 1000 төгрөгөөр аваач гэхэд авах газар олдохгүй байна шүү дээ.

-Хаяж байгаа нь мөн хайран юмаа?

-Хайрнаар барах вэ. Зундаа бол маш их хаягдана. Бас нэг харамсмаар зүйл бол Эмээлт орчим усгүй болж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг усгүй цэвэрлэнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ усныхаа татварыг нэмэх юм уу, тоолуур тавьж хянаач ээ л гэмээр санагддаг. Улаанбаатар хотын баруун талын нөөц чинь долоон худаг шүү дээ. Манайх долоон худгийн хажууд байна. Нэг үйлдвэр дотроо хоёроос, гурван худагтай. Худаг нь ширгэж байна. Уг нь тэнд монгол хүмүүс ажиллаж байна. Цэвэрлээд зогсож байгаа хүний хармаанаас нэг ч төгрөг гарахгүй болохоор хайрладаггүй юм уу, хайр найргүй л хэрэглэж байна. Шуудуугаар бохир ус гол шиг л урсаж байна. Ус нэг л өдөр дуусна шүү дээ.

-Одоо гадуур үхрийн хуйхалсан шийр нэг ширхэг нь 4500 гэж байна шүү дээ. Гэтэл тэнд хог болоод хаягдаж байх юм?

-Манайхан наймаа хийхдээ заавал нэг дамжлага үүсгэж, хямд авсан юмаа хэт их үнэ нэмж зардаг. Үнэндээ бол толгой шийр, гэдэс дотор бүгд мал нядалгааны газрын хог руу л хаягдаж байгаа шүү дээ. Цэлцэгнүүрийн цех байдаг бол ширхгийг нь 200 төгрөгөөр цуглуулаад авахад дуртайяа тусад нь тавьж байгаад өгнө. Маш их түүхий эд үнэгүй, хаягдаж байна. Авч бүтээгдэхүүн хийхгүй мөртлөө баяр ёслолоор далимдуулаад үнийг нь дэндүү өндөр болгочих юм. Уг нь малын шийрийг боловсруулаад хэрэглэвэл тэр чигээрээ коллаген, кальци, биед хамгийн хэрэгтэй шүү дээ.

-Танд тэр дайвар бүтээгдэхүүнийг хаях хайран санагддаг уу?

-Хайран юм, монгол буянаа барж байна гэхээс өөр юу гэх вэ. Харсан хүн бүр л хайран юм гэж байна. Очоод харвал үйлдвэрүүд гаргаад л хаяна. Авах газар, хүн алга. Ядаж нохой, амьтны тэжээлийн үйлдвэр, үржүүлгийн газар байдаг бол өгмөөр байх юм. Тэр их түүхий эдийг боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Засгийн газар нэг учраа олоод, ХХААХҮ-ийн сайд нь анхаараад арга хэмжээ авч малын дайвар бүтээгдэхүүнээр хүнс, тэжээл хийгээсэй. Гаднаас гахайн өөх аваад л байсан. Мялзантай өөх ороод ирлээ. Тэгтэл манай тэр хавиар гахайтай айл олон. Тарган гахай байна гээд махыг нь Меркури захынхан авахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө Хятадаас мялзантай өөх, мах оруулаад ирэх юм. Ядаж хаягдаж байгаа хонины сүүлээ оруулаад хиам хийвэл жинхэнэ эрүүл, эко хүнс болно шүү дээ. Дотор өөхийг хайлаад боов боорцог хайрвал хэчнээн сайхан. Бэлчээрийн шимтэй өвс идсэн малын өөхийг хайлаад хэрэглэхэд сайн л гэж бодох юм. Ургамлын тос ч сайн, муу янз бүр л байдаг бололтой.

-Залуучууд дайвар бүтээгдэхүүн боловсруулж юм хийх гээд очвол түүхий эд нь бэлэн байна уу?

-Байж л байгаа шүү дээ. Зун бол нээлттэй. Хэрэв манайхтай харьцаад авна аа гэвэл бид аваачаад өгсөн ч чадна. Өдөрт 20, 30 тонноор нь хаяж байна. Манайх найман ажилчин, дөрвөн машинтай, нийт 11 хүн ажилладаг. Бид өглөө дөрвөөс оройн 16 цаг хүртэл бүх юмаа аваад дуусна. Хоёр цаг амраад 18 цагаас ирсэн хүмүүс нь шөнө 12 цаг хүртэл үлдсэнийг нь ачиж хаяж байж дуусгана.

-Дөрвөн машинаар өдөр шөнөгүй зөөж хаяна гэхээр маш их юм гарч байна аа?

-Өнгөрсөн жил бол үйлдвэрүүд үсрээд л 50 хувьтай ажилласан. Энэ жил 100 хувь ажиллана байх. Тэгэхээр хаягдал нь тэр хэмжээгээр л өснө.

-Танай компани өөрсдөө бүх зардлаа даадаг уу?

-Тийм ээ, санхүүгийн асуудлаа өөрсдөө дааж, ажилчдаа цалинжуулж, машин тэргээ хөдөлгөөд явж байна. Манайх улсаас нэг ч төгрөг авдаггүй.

-Хог булах газрын зөвшөөрлийг нь ядаж өгдөг биз дээ?

-Харин тэр газрыг зааж өгөхгүй байна. Одоо байгаа цэг нь нисч буух зурвас таарсан, хаа гэж байна. Тэгээд энэ их хогийг хааш хаях юм, бүү мэд. Энэ улс, хотын захиргаа шийдээд нэг тийш болгож өгөх байх. Аж ахуйн нэгжүүд өдөр шөнөгүй ажиллаад, махаа хагас боловсруулаад авч явдаг. Харин гарсан ясыг нь ясны үйлдвэр шингээж байна. Хуучин аж ахуйн нэгжүүдийн хог хаягдал хаяж байсан жалгыг нийслэлээс, дүүргээс цэвэрлээд бүх шатныхан хараад, бид ч анхаарал, хараа хяналт тавиад байна л даа. Одоо тэнд булж дардаг юмтай болчихсон байгаа л даа.

-Хүмүүс Хятадууд мах авлаа, үйлдвэр байгууллаа гэж их муулж, туйлширдаг. Яг тэнд ажилладаг хүний хувьд та юу хэлэх вэ?

-Би бол том мэргэжилтэн биш, аж ахуйн нэгж удирдаад явж байгаа жирийн л нэг ээж. Миний бодлоор улсаас эртээ нөөцийнхөө махыг хямд үнээр бэлдэж авчхаад, мал мах өндөр үнээрээ байвал Монголын ард түмэнд л ашигтай. Бид яг дэргэдээс нь харж байна. Малчид 13, 15 килограммын дундажтай өвөл онд орохгүй гэсэн малаа бүгдийг нь цэвэрлээд энэ намар махны үйлдвэрүүдэд авчирч өглөө. Урьд нь улаан мөнгөний үнэгүй л хаягддаг байсан шүү дээ. Гаднаас хөрөнгө оруулагчид орж ирээд манайхаас мах авахаар малчид мөнгөтэй, хийж байгаа ажилчид цалинтай, тээвэрлэж байгаа байгууллага, гаргаж байгаа улс мөнгөтэй болж байгаа биз дээ. Ад үзэгдэж байгаа гадныхан Монгол Улсын эдийн засагт их л мөнгө оруулж байна. Манайхан өөрсдөө хийхгүй, хүнээр хийлгэхгүй, хоосон л Хятад гээд эсэргүүцээд байгаа нь буруу шүү дээ. Улаанбаатар хотод хүмүүс дунджаар 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Гэтэл Эмээлтэд зүгээр гадна харуул нь л гэхэд сая төгрөгийн цалинтай, дотор ажиллаж байгаа нь 1.5 сая орчмыг авдаг. Хотод автобус хоолны мөнгө үрж, тийм цалин авснаас мах чанаад, мал янзлаад сууж байя, сардаа сая гаруй төгрөг авчихна.

-Танай ажлын нөхцөл хүнд үү?

-Манай ажил их хүнд шүү дээ. Малаас гарсан сэвс, цус, дайвар бүтээгдэхүүн хоёр, гурван цагийн дотор ялзарч эхэлнэ. Бид зун дэлгүүр ч ордоггүй, үнэр танар гэж жигтэйхэн. Нэг тодорхой явдаг хүнтэй, тэр хүнээ л гүйлгэнэ. Тэгээд л өглөө үдэшгүй ажиллана даа.

-Эрүүл мэндэд нөлөөлдөг үү?

-Тэр нь гайгүй ээ. Бид малын гаралтай хог хаягдлыг ямар нэг химийн бодис хэрэглэлгүйгээр байгалийн аргаар устгадаг. Нүх ухаад битүү булах юм бол метаны хий ялгарч дэлбэрэх аюултай учраас яндан гаргаж булдаг. Тэгээд хаягдал ямар ч гэм халгүй байгальд шингэдэг.

-Танайх хэчнээн нэгжээс хогийг нь татаж авч байна?

-Намар Хятадын аж ахуйн нэгжүүд олноороо байгуулагдаж экспортын мах гадагш гаргаж байгаа шүү дээ. Түүнээс 14 нэгж арван нэгэн сар хүртэл ажиллаад одоо улирлын чанартай ажил учир Хятадууд нь урагшаа яваад монгол ажилчид нь амарчихсан байгаа. Бид хэд амралтын байдалтай хаврын ажилдаа бэлтгээд л байж байна.

-Тэр 14 үйлдвэр бүгд Хятадын компани уу?

-Монгол, Хятад, Иран хүний ч байгуулсан компани бий.

Г.Пүрэвсүрэн
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549